Эхлэл

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


-Reset+

Бүлэг 45

11. Иосеф хажуудаа байсан үйлчлэгч зарц нарынхаа өмнө сэтгэлээ барьж чадахгүйд хүрээд,—Бүгдээрээ надаас зайлцгаа! хэмээн хашхирчээ. Иосефыг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хэн ч байсангүй.
2 Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.
3 Иосеф ах дүү нартаа хандан—Би Иосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу? гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй.
4 Иосеф ах нартаа—Над уруу ойртоцгоо гэсэнд тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф—Би бол та нарын дүү Иосеф, та нарын Египет уруу худалдсан тэр хүн чинь байна.
5 Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ.
6 Энэ нутагт хоёр жилийн турш ган зуд болсон бөгөөд бас дахин таван жил газар хагалж ч чадахгүй, ургац хурааж ч чадахгүй.
7 Бурхан их авралаараа та нарыг амьд үлдээж, үр удмыг чинь газар дэлхий дээр уламжлуулан үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ.
8 Тийм учраас намайг нааш нь та нар явуулаагүй, харин Бурхан явуулсан. Бурхан намайг Фараоны эцэг, түүний бүх гэрийн эзэн, Египетийн бүх нутгийн захирагч болгосон билээ.
9 Та нар эцэг дээр минь түргэн очиж, түүнд “Таны хүү Иосеф ингэж хэлэв. «Бурхан таны хүү Иосефыг бүх Египетийн эзэн болгожээ. Над уруу даруй түргэн ирээч.
10 Та үр хүүхэд, ач зээ нар, мал сүрэг, бүх эд хөрөнгийнхөө хамт Гошен нутагт амьдран сууж, надад ойрхон бай.
11 Ган зуд дахин таван жил үргэлжлэх учир би тэнд таныг тэжээнэ. Та болон танайхан, таны бүх харьяат нар ядарч зүдэрч магадгүй» гээрэй.
12 Та нарын болон миний дүү Бениамины нүдэн дээр та нарт энэ үгийг хэлж байгаа хүн бол Иосеф би биеэрээ байна.
13 Та нар Египет дэх миний алдар хүндийн тухай болон энд үзэж харсан бүхнээ эцэгт минь цөмийг нь хэлээрэй. Тэгээд эцгийг минь энд түргэн авчир!” гээд,
14 өөрийн дүү Бениаминыхаа хүзүүгээр тэврэн уйлахад Бениамин ч бас түүний хүзүүгээр тэврэн уйлав.
15 Иосеф бас ах нараа үнсээд, тэвэрч уйлав. Тэгээд ах нар нь түүнтэй ярилцацгаав.
16 Иосефын ах нарын ирсэн тухай сураг Фараоны ордонд сонсогдож, Фараон болон түүний түшмэд баярлацгаав.
17 Фараон Иосефт хандан—Ах дүү нартаа тушаа. Та нар хоол хүнсээ ачаалан хөдөлж, Канаан нутагтаа очиж,
18 эцгээ болон гэр орныхныгоо дагуулан нааш хүрч ир! Би та нарт Египетийн хамгийн сайн газрыг өгнө. Та нар тэр газрын үр шимийг хүртэх болно.
19 Та нар одоо тушаал авсан тул гүйцэтгэ. Египет нутгаас хөсөг тэрэг авч, эхнэр хүүхдүүдээ суулган, эцгээ авчруул.
20 Та нар эд хөрөнгөндөө харамсах хэрэггүй. Учир нь Египетийн хамаг сайн сайхан юм та нарынх гээрэй! гэв.
21 Израилийн хөвгүүд ёсчлон хийжээ. Иосеф Фараоны тушаасан ёсоор тэдэнд хөсөг тэрэг болон замын хүнс өгөв.
22 Бас тэрээр хүн бүрд нижгээд хувцас өгч, Бениаминд гурван зуун шекел мөнгө болон таван ээлжийн хувцас өгчээ.
23 Мөн тэрээр эцэгтээ арван эр илжгэнд Египетийн сайн эд бараа ачуулж арван эм илжгэнд эцгийнхээ замд хэрэглэх будаа тариа, талх, замын хүнсийг ачуулж явуулав.
24 Тэрээр ах нараа үдэж гаргахдаа—Замдаа битгий хэрэлдээрэй! гэж тэдэнд хэлэв.
25 Тэд Египетээс гарч, Канаан нутагт эцэг Иаковынд хүрч ирэв.
26 Тэгээд эцэгтээ—Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков гайхаж, тэдэнд итгэсэнгүй.
27 Тэгээд тэд Иосефын өөрсдөд нь захиж хэлсэн бүх үгийг эцэгтээ хэлж өгөв. Эцэг Иаков нь өөрийг нь суулгаж аваачихаар Иосефын илгээсэн хөсөг тэрэгнүүдийг хараад, сэтгэл нь сэргэв.
28 Израиль—Одоо боллоо. Миний хүү Иосеф одоо хүртэл амьд байгаа юм байна. Би үхэхээсээ өмнө очиж, түүнтэй уулзъя гэж хэлэв.