Эхлэл

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


-Reset+

Бүлэг 4

1 1. Адам эхнэр Еватайгаа унтаж, Ева нь жирэмслэн, Каиныг төрүүлж,—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.
2 Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.
3 Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.
4 Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээн авсан боловч,
5 Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.
6 ЭЗЭН Каинд хандаж—Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ?
7 Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэвч, чи түүнийг дийлэх ёстой.
8 Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.
9 ЭЗЭН—Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин—Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав.
10 ЭЗЭН—Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над уруу хашхирч байна.
11 Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч,
12 чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхий дээр хэрэн тэнүүчлэгч болно гэв.
13 Каин ЭЗЭНд хандаж,—Миний ял шийтгэл хэт хүнд учир би дааж давж чадахгүй.
14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.
15 ЭЗЭН түүнд хандаж—Тийм учраас чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахгүй болгов.
16 Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.
17 Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмсэлж, Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэв.
18 Енох Ирадыг төрүүлж, Ирадаас Мехуиаел, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ.
19 Ламех хоёр эхнэр авчээ. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла болой.
20 Адагаас Иабал төржээ. Тэрээр гэрт сууж, малчдын дээд өвөг болов.
21 Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.
22 Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг юм.
23 Ламех эхнэрүүддээ хандан—Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо!Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо!Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа,Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.
24 Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин илүү их бол,Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно гэв.
25 Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв.—Бурхан надад Каины алсан Абелын оронд өөр нэг үр хайрлалаа гэв.
26 Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.