Эхлэл

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


-Reset+

Бүлэг 37

1 1. Иаков эцгийнхээ сууж байсан газар Канааны нутагт амьдран суужээ.
2 Иаковын үр удмынхан энэ болой. Арван долоон настай залуу хүү Иосеф ах нартайгаа хонь хариулж байхад эцгийнх нь татвар эхнэр Билха, Зилпа хоёрын хөвгүүд хамт байлаа. Иосеф эцэгтээ тэдний талаар сайнгүй мэдээ авчирчээ.
3 Израилийг өндөр настай болсон хойно Иосеф төрсөн тул тэрээр түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрлаж, түүнд урт, тансаг дээл хийж өгчээ.
4 Эцэг нь түүнийг бусад хөвгүүдээсээ илүү хайрладгийг ах нар нь хараад, Иосефыг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байжээ.
5 Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.
6 Иосеф тэдэнд ярьсан нь—Миний зүүдэлсэн зүүдийг сонсоцгооно уу гээд тэдэнд ярьсан нь—
7 Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон цуглараад, түүнд мөргөцгөөв гэжээ.
8 Ах нар нь түүнд хандаж—Чи үнэхээр бидний хаан болно гэж үү? Чи үнэхээр биднийг захирах болно гэж үү? гэцгээжээ. Ах нар нь түүний зүүд, түүний ярианаас болоод улам илүү үзэн ядах болжээ.
9 Иосеф бас өөр нэг зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа—Сонсоцгоо! Би бас өөр нэг зүүд зүүдэллээ. Энэ удаа нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.
10 Тэрээр энэ зүүдээ эцэгтээ, бас ах нартаа ярьсанд эцэг нь түүнийг зэмлэж,—Чи юун зүүд зүүдлээд байна вэ? Би, бас ээж чинь, ах нар чинь үнэхээр чам дээр очиж, чиний өмнө газарт сөгдөн, мөргөх гэж үү? гэв.
11 Ах нар нь түүнд атаархаж, харин эцэг нь түүний үгийг сэтгэлдээ хадгалав.
12 Ах нар нь Шехемд очиж, эцгийнхээ хонийг хариулахаар явахад
13 Израиль Иосефт хандаж—Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир! Би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ—Тэгье гэжээ.
14 Израиль түүнд—Одоо чи яваад, ах нараа, бас хонин сүргээ мэнд сайн байгаа эсэхийг үзээд, надад эргэж хэл гээд, түүнийг Хеброны хөндийгөөс илгээжээ. Тэрээр Шехемд ирэв.
15 Түүнийг хээр талд тэнэж явахад нь нэг хүн түүнтэй уулзаад, түүнээс—Чи юу эрж яваа юм бэ? хэмээн асуусанд
16 тэрээр—Би ах нараа эрж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг нь надад хэлж өгнө үү? гэсэнд
17 тэр хүн—Тэд эндээс явцгаасан. “Дотан уруу явцгаая” гэж тэдний хэлэлцэхийг нь би сонссон гэсэнд Иосеф ах нарынхаа хойноос явж, тэднийг Дотанаас олжээ.
18 Тэд Иосефыг тэдэнд ойртож ирэхээс нь өмнө холоос хараад, түүнийг алахаар хуйвалджээ.
19 Тэд—Нөгөө зүүдлэгч ирж байна хэмээн бие биедээ хэлэв.—
20 За, одоо цөмөөрөө нааш ир! Түүнийг алж, энэ нүхнүүдийн нэгэнд хаяад, “Зэрлэг араатан түүнийг идсэн” гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая л даа гэжээ.
21 Реубен үүнийг сонсоод, Иосефыг тэдний гараас аврахаар—Бид түүний амь насыг хорлохоо больцгооё гэв.
22 Реубен бас тэдэнд—Цус бүү урсга. Түүнийг цөлийн энэ нүхэнд хая. Харин түүнд гар бүү хүр! гэв. Энэ нь түүнийг аварч, эцэг уруу нь буцаах гэснийх ажээ.
23 Иосефыг ах нар дээрээ хүрч ирмэгц тэд, Иосефын дээл буюу өмссөн тансаг дээлийг нь тайлж,
24 түүнийг барьж аваад, нүхэнд шидэв. Тэр нүх нь дотроо усгүй хоосон байлаа.
25 Тэд сууцгаан, хоолоо идэж байгаад, хараагаа өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт тос, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.
26 Иуда ах дүү нартаа хандаж—Бид дүүгээ алж, түүний цусыг нууснаар юу хожих юм бэ?
27 Түүнийг ишмаелчуудад худалдацгаая! Түүнд гар бүү хүрцгээ! Тэр бол бидний дүү, бидний мах цусны тасархай гэсэнд ах дүү нар нь үгэнд нь оров.
28 Мидианыхны худалдаачид ирж өнгөрөхөд, тэд Иосефыг нүхнээс нь татаж гаргаад, ишмаелчуудад хорин шекел мөнгөөр түүнийг худалдав. Жинчид Иосефыг авч Египет уруу оджээ.
29 Реубен буцаж, тэр нүх уруу очин харахад, Иосеф нүхэндээ байсангүй. Тэрээр хувцас хунараа тасар татан,
30 дүү нартаа эргэж ирээд,—Тэр хүү алга болжээ. Би одоо хаачих вэ? гэв.
31 Тэд Иосефын урт дээлийг аваад, нэг эр ямааг алаад, цусанд нь түүний урт дээлийг дүрэв.
32 Тэгээд тэд тэр тансаг дээлийг илгээж, эцэгтээ хүргээд,—Бид үүнийг оллоо. Хүүгийн чинь урт тансаг дээл энэ мөн, эсэхийг хараарай! гэсэнд
33 тэрээр дээлийг таниад,—Миний хүүгийн дээл мөн байна. Зэрлэг араатан түүнийг барьж иджээ. Иосеф тастчуулсан нь гарцаагүй гээд
34 Иаков хувцас хунараа урж тастаад, бүдүүн таараар ууц нуруугаа ороож, хүүгийнхээ төлөө олон хоног гашуудан гашуудсаар байлаа.
35 Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж,—Би хүүгийнхээ төлөө гашуудсаар, өөр ертөнцөд одсон хүүгийнхээ араас хүрч очъё гэв. Тэгээд эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.
36 Мидианчууд Иосефыг Египетэд Фараоны түшмэл, ордны харуулын ахлагч Потифарт худалджээ.