Эхлэл
Бүлэг 40
1 1. Түүнээс хойно Египетийн хааны сөнч, талхчин хоёр өөрсдийн эзэн Египетийн хаанд нүгэл үйлджээ.
2 Фараон өөрийнхөө хоёр албат ахлах сөнч, ахлах талхчин хоёрт уурлаж,
3 тэднийг ордны харуулын ахлагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.
4 Ордны харуулын ахлагч Иосефыг тэдэнтэй хамт байлгасанд Иосеф тэдэнд үйлчилжээ. Тэд тэр шоронд олон хоног суув.
5 Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин нь өөр өөр байлаа.
6 Иосефыг өглөөгүүр тэдэн дээр орж ирээд харахад тэд их гунигтай болсон байв.
7 Иосеф эзнийхээ байшингийн дотор өөртэй нь хамт хоригдож байгаа Фараоны хоёр албатад хандан—Өнөөдөр та хоёр яагаад их гунигтай харагдана вэ? гэж асуусанд
8 тэд—Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд—Тайлал нь Бурханд байгаа биш үү? Надад хэлнэ үү? гэв.
9 Тэгээд ахлах сөнч нь өөрийнхөө зүүдийг Иосефт ярьсан нь—Намайг зүүдэндээ харахад миний өмнө усан үзмийн мод байх ба
10 тэр усан үзмийн мод гурван мөчиртэй байх бөгөөд тэр нь соёолж дэлгэрээд, усан үзэм боловсорчээ.
11 Миний гар дээр Фараоны аяга байх ба би усан үзмийг авч, Фараоны аяганд шүүсийг нь шахаж хийгээд, тэр аягаа Фараоны гарт өгч байлаа гэв.
12 Иосеф түүнд—Түүний тайлал нь гэвэл, гурван мөчир нь гурван өдөр юм.
13 Фараон гурван өдрийн дотор таны толгойг өндийлгөж, хуучин ажилд чинь дахин оруулна. Тэгээд та урьд түүний сөнч байх үедээ хийдэг байсан шигээ Фараоны аягыг дахин гарт нь бариулж өгөх болно.
14 Бүх юм чинь сайн болбол, намайг дурсан санаарай. Надад энэрэл хайр үзүүлж, Фараонд миний тухай хэлж, энэ байшингаас намайг гаргаж өгнө үү?
15 Үнэнээ хэлэхэд, би бол еврейчүүдийн нутгаас хүчээр хүргэгдэж ирсэн хүн. Би энд шоронд орох ямар ч хэрэг хийгээгүй гэжээ.
16 Түүнийг сайнаар тайлсанд ахлах талхчин хараад, Иосефт хандан—Би бас зүүдэндээ үзсэн нь миний толгой дээр цагаан талхтай гурван сагс байв.
17 Дээд талын сагсанд нь Фараонд зориулж жигнэсэн янз бүрийн хоол хүнс байлаа. Гэтэл шувууд миний толгой дээрх сагснаас түүнийг авч идэж байлаа гэсэнд
18 Иосеф—Түүний тайлал нь гэвэл, гурван сагс нь гурван өдөр юм.
19 Гурван өдрийн дотор Фараон таны толгойг авч, таныг модонд өлгөөд, шувууд махыг чинь идэх болно гэв.
20 Гурав дахь өдөр нь Фараоны төрсөн өдөр байв. Фараон бүх түшмэддээ зориулсан найран дээр ахлах сөнч, ахлах талхчин хоёрынхоо толгойг түшмэдийнхээ дунд дээш өргүүлж,
21 ахлах сөнчийг сөнчийнх нь ажилд дахин оруулав. Тэрээр Фараоны гарт аягыг нь барьж өгчээ.
22 Харин ахлах талхчныг дүүжилжээ. Тэгээд тэдэнд Иосефын тайлсан ёсоор болсон ч
23 ахлах сөнч Иосефыг эргэн санасангүй, харин түүнийг мартав.