Эхлэл

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50


-Reset+

Бүлэг 12

1 1. ЭЗЭН Абрамд айлдсан нь—Чи төрсөн нутгаа,Төрөл садангаа,Эцгийнхээ гэрийг орхиж,Миний чамд зааж өгөх газар уруу яв.
2 Би чамайг агуу үндэстэн болгож,Чамайг ерөөн,Алдар нэрийг чинь агуу болгоно.Тэгээд чи ерөөлийн үндэс болно.
3 Чамайг ерөөгчдийг Би ерөөж,Чамайг хараагч нэгнийг Би хараана.Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжуулан ерөөгдөнө гэв.
4 Тэгээд Абрам ЭЗЭНий хэлсэн ёсоор явжээ. Лот ч бас хамт явав. Абрам Харанаас гарч явахдаа далан таван настай байжээ.
5 Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.
6 Абрам тэр газрыг туулан, Шехем нутагт байгаа Морегийн царс модонд хүрэв. Тэр үед канаанчууд тэр газарт нутаглан сууж байжээ.
7 ЭЗЭН Абрамд үзэгдэн—Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.
8 Тэндээсээ Бетелийн зүүн талын уул уруу хөдөлж, Бетелээс зүүн тийш, Аигийн баруун талд майхнаа босгожээ. Тэрээр тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээг босгож, ЭЗЭНий нэрийг дуудав.
9 Тэгээд Абрам цааш хөдөлж, улмаар Негев уруу оджээ.
10 Тэр газарт ган болсон учир Абрам Египетэд түр суухаар тийшээ очив. Тэр нутаг маш их гантай байжээ.
11 Тэрээр Египетэд ойртож ирэх үедээ эхнэр Сараидаа өгүүлрүүн—Чи бол үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэдгийг би мэднэ.
12 Египетчүүд чамайг хараад, “Энэ бол түүний эхнэр байна” гэж хэлээд намайг алж, чамайг амьд үлдээнэ.
13 Чи өөрийгөө миний дүү охин гэж хэлнэ үү. Тэгвэл чамаас болж надад аюул учрахгүй. Миний амь чиний ачаар аврагдана гэжээ.
14 Абрамыг Египетэд очиход нь египетчүүд тэр бүсгүйн маш их үзэсгэлэнтэй сайхныг харжээ.
15 Фараоны түшмэд ч түүнийг хараад, Фараонд магтсанд тэр бүсгүйг Фараоны ордонд хүргэжээ.
16 Фараон Абрамыг тэр бүсгүйн төлөөнөө сайхан байлгаж, Абрамд хонь, үхэр, эр эм илжиг, эрэгтэй, эмэгтэй боол, шивэгчин, тэмээ өгчээ.
17 ЭЗЭН Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхэнд хүнд гай зовлон учруулав.
18 Тэгээд Фараон Абрамыг дуудаж—Чи яагаад надад ингэж хандав аа? Чи яагаад түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?
19 Чи яагаад түүнийг миний дүү охин гэж хэлсэн юм бэ? Тиймээс түүнийг би эхнэрээ болгож авсан юм. Эхнэр чинь энэ байна, одоо аваад яв гэв.
20 Фараон энэ тухай хүмүүстээ тушаасанд тэд Абрамыг болон эхнэрийг нь, хамаг эд юмсынх нь хамт явуулав.