Эхлэл
Бүлэг 20
1 1. Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.
2 Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.
3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь—Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
4 Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул—Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?
5 Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.
6 Бурхан түүнд зүүдэнд нь—Тийм ээ, чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм.
7 Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.
8 Абимелех өглөө эрт босоод хамаг шадар түшмэдээ дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв.
9 Абимелех Абрахамыг дуудаж—Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.
10 Абимелех Абрахамд бас—Чи ямар учраас ингэсэн бэ? гэв.
11 Абрахам—Энэ газарт Бурханаас айж эмээнэ гэж байхгүй тул тэд эхнэрээс минь болж намайг ална гэж бодсон билээ.
12 Тэгээд ч Сара нь үнэхээр миний дүү охин, миний эцгийн охин, харин миний ээжээс төрөөгүй, тэгээд тэр миний эхнэр болсон.
13 Бурхан намайг эцгийн минь гэрээс гаргаж тэнүүчлүүлэхэд би түүнд “Бидний очсон газар бүрд чи намайг «Энэ миний ах» гэж хэлээрэй. Тэр чинь чиний надад үзүүлэх энэрэл хайр мөн” гэж хэлсэн юм гэв.
14 Абимелех хонь, үхэр, эрэгтэй, эмэгтэй зарц нарыг авч Абрахамд өгчээ. Бас түүний эхнэр Сараг ч түүнд буцаан явуулжээ.
15 Абимелех—Харагтун, миний газар нутаг чиний өмнө байна. Чи хаа дуртай газартаа амьдар гэв.
16 Тэр бас Сарад—Харагтун, би чиний ахад мянган шекел мөнгө өглөө. Үүгээр чамтай хамт байгаа бүх хүний өмнө чиний ичгүүр цагаатгагдаж байна. Мөн бүх хүмүүсийн өмнө гэмгүй байсан чинь батлагдлаа гэв.
17 Абрахам Бурханд залбирсанд Бурхан Абимелех болон түүний эхнэр, шивэгчин нарыг эдгээж, тэд хүүхэд төрүүлжээ.
18 Учир нь ЭЗЭН Абрахамын эхнэр Сарагаас болж Абимелехийн гэр бүлийнхний бүх умайг хаасан байлаа.