Эхлэл
Бүлэг 28
1 1. Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь—Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.
2 Чи Паддан-арам уруу хөдөлж, эхийнхээ эцэг Бетуелийн гэрт очиж, тэнд нагац ах Лабаныхаа охидоос эхнэр ав.
3 Төгс хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг олон үр хүүхэдтэй өнөр өтгөн болгон, чамаар олон үндэстнүүдийг бий болгож,
4 Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.
5 Исаак Иаковыг илгээсэнд тэрээр Паддан-арам уруу явж, арам хүн Бетуелийн хүү буюу Иаков, Есав хоёрын эх Ребекагийн ах Лабаныд очжээ.
6 Есавын харж байхад Исаак Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-арамаас эхнэр авахуулахаар тийш явуулсан бөгөөд Исаак түүнийг ерөөн адислаж, “Канааны охидоос эхнэр бүү ав” хэмээн тушаажээ.
7 Иаков эх эцэг хоёрынхоо үгийг дуулгавартай дагаж, Паддан-арам уруу явахыг Есав харж байлаа.
8 Бас Есав Канааны охид нь өөрийн эцэг Исаакт таалагдахгүй байгааг ажиглажээ.
9 Тэгээд Есав Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин буюу Небаиотын охин дүү Махалатыг эхнэр болгон авав.
10 Иаков Беершебагаас гараад, Харан уруу явав.
11 Тэгэхэд нар шингэсэн байсан учраас тэрээр нэгэн газар ирж, тэндээ хонохоор тэндхийн нэг чулууг авч, толгой дороо тавиад унтжээ.
12 Зүүдэндээ үзвэл, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан, бас дахин харвал, түүгээр Бурханы тэнгэр элч нар өгсөн уруудан байлаа.
13 Үзтэл, ЭЗЭН түүний дээр зогсоод,—Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.
14 Чиний үр удам газрын шороо шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархан, дэлхийн бүх үндэстэн чамаас болон чиний үр хүүхдээс ерөөл хүртэх болно.
15 Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутаг уруу буцааж авчирна. Би чамд амласан зүйлээ биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.
16 Иаков зүүднээсээ сэрээд—ЭЗЭН үнэхээр энд байна, харин би мэдсэнгүй гэв.
17 Тэрээр айгаад,—Энэ яасан сүрдмээр газар вэ? Энэ бол гарцаагүй Бурханы өргөө, энэ бол тэнгэрийн хаалга байна гэж өгүүлэв.
18 Тэгээд Иаков өглөө эрт босож, дэрлэсэн чулуугаа авч багана болгон босгоод, дээр нь тос асган,
19 тэр газраа Бетел хэмээн нэрлэжээ. Тэр хот уг нь Луз гэдэг нэртэй байжээ.
20 Иаков тангараглаж—Хэрэв Бурхан надтай хамт байж, миний явж буй энэ замд намайг хамгаалж, бас надад идэх хоол, өмсөх хувцас өгч,
21 намайг эцгийн минь гэрт амар тайван буцаавал ЭЗЭН миний Бурхан болж,
22 багана болгон босгосон энэ чулуу минь Бурханы өргөө болно. Таны надад өгсөн бүх зүйлийн аравны нэгийг би заавал Танд өргөнө гэлээ.