Эхлэл
Бүлэг 14
11. Энэ үед Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нар
2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.
3 Эд бүгдээрээ Сиддимийн хөндийд буюу одоогийн Давст тэнгист цугларцгаав.
4 Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад, арван гурав дахь жилдээ босжээ.
5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж,
6 мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив.
7 Тэгээд тэд буцаж, Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.
8 Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд
9 Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын эсрэг жагссан буюу таван хааны эсрэг дөрвөн хаан гарчээ.
10 Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.
11 Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав.
12 Тэд бас Содомд сууж байсан Абрамын ач дүү Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.
13 Зугтаж буй нэгэн хүн еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байжээ.
14 Тэгээд Абрам ач дүүгээ баригдсаныг сонсоод, гэрт нь төрсөн, бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдан, Дан хүртэл нэхэн хөөжээ.
15 Абрам өөрийнхөө хүмүүсийг тэдний эсрэг хувааж, шөнө дүлээр тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,
16 булаагдсан эд юмс, ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.
17 Абрамыг Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.
18 Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байсан бөгөөд
19 Абрамыг ерөөж өгүүлрүүн—Тэнгэр газрын Эзэн,Хамгийн Дээд Бурхан Абрахамыг ерөөх болтугай!
20 Та нарын дайсныг гарт чинь тушаасанХамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!гэв. Абрам түүнд бүх юмны аравны нэгийг өгчээ.
21 Содомын хаан Абрамд—Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөрөө ав гэсэнд
22 Абрам Содомын хаанд—Би тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд
23 би чинийх гэгдэх юмнаас юу ч авахгүй, ширхэг утас ч юм уу, эсвэл улавчны уяа ч авахгүй гэж тангарагласан юм. Чи “Би Абрамыг баян болгосон” гэж хэлэх вий.
24 Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд өөрсдийнхөө хувийг аваг гэжээ.