Езекиел
Бүлэг 6
1 1. ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, Израилийн уулсын зүг нүүрээ хандуулан, тэдний эсрэг эш үзүүл.
3 “Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс, толгод, жалгууд хийгээд хөндийнүүдэд хандан ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрөө та нарын дээр илдийг авчрах гэж байна. Би та нарын мөргөлийн өндөрлөгүүдийг устгах болно.
4 Тиймээс та нарын тахилын ширээнүүд хоосорч, утлагын тахилын ширээнүүд чинь бутарна. Би алагдсан хүмүүсийг чинь та нарын шүтээнүүдийн өмнө унагана.
5 Би мөн Израилийн хөвгүүдийн цогцсуудыг тэдний шүтээнүүдийн өмнө тавьж, та нарын яснуудыг тахилын ширээнүүдийн чинь эргэн тойронд тараана.
6 Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм.
7 Алагдсан хүмүүс та нарын дунд унах бөгөөд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
8 Харин Би үлдэгсдийг үлдээнэ. Та нарыг улсуудын дунд тараасан үед илднээс зугтаагчид үндэстнүүдийн дунд та нарт байх болно.
9 Тэгээд та нарын доторх зугтаагчид нь олзлогдон хүргэгдсэн үндэстнүүдийнхээ дунд Намайг санана. Надаас эргэсэн тэдний завхай сэтгэлээс, шүтээнүүдийнхээ араас садарлах тэдний нүднээс болж Би хэрхэн шаналсныг санана. Тэд өөрсдийн үйлдсэн хорон муу үйлс, өөрсдийн бүх жигшүүрийн улмаас өөрсдийгөө жигших болно.
10 Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэднэ. Би энэ өвчнийг тэдэнд учруулна хэмээн дэмий хэлээгүй юм»”.
11 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Алгаа ташин, хөлөө дэвслэн ингэж хэл. «Израилийн гэрийн хамаг хорон муу жигшүүрт юмсын улмаас илд, өлсгөлөн, хийгээд гамшгаар унах тэд гаслантай яа!
12 Хол байгч нь гамшгаар үхэж, ойр байгч нь илдэнд алагдаж, үлдэгсэд нь ба бүслэгдсэн нь өлсгөлөнгөөр үхнэ. Ийнхүү Би Өөрийн хилэнгээ тэдэнд гүйцэтгэнэ.
13 Тэдний алагдсан хүмүүс нь тэдний тахилын ширээнүүдийг тойроод шүтээнүүдийнх нь дунд, аливаа өндөр толгод дээр, хамаг уулсын орой дээр аливаа ногоон модны доор, аливаа навчит царсны доор буюу өөрсдийнх нь хамаг шүтээнүүдэд тайвшруулах тааламжит үнэрийг өргөсөн газарт нь хэвтэх үед та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
14 Тиймээс тэдний оршин суух бүх газар даяар Би Өөрийн мутраа тэдний эсрэг сунгаж, Дибла уруу чиглэсэн цөлөөс илүүгээр тэр газрыг эзгүйрүүлэн, зэлүүд болгоно. Ийнхүү тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»”.