Езекиел
Бүлэг 40
1 1. Бидний цөлөгдсөний хорин тав дахь жилд, жилийн эхэнд, сарын арванд буюу хот эзлэгдсэнээс хойш арван дөрөв дэх жилийн яг тэр өдөр ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг тэнд авчрав.
2 Бурханы үзэгдлүүд дотор Тэр намайг Израилийн газарт ирүүлж, маш өндөр уулын дээр буулгасан бөгөөд дээр нь өмнө зүгт хот мэт нэгэн байгууламж байв.
3 Тийнхүү Тэр намайг тэнд авчрав. Харагтун, гартаа олсон хэмжүүр болон хэмжих савааг барьсан нэгэн хүн тэнд байсан бөгөөд түүний дүр нь хүрэл мэт дүртэй ажээ. Тэр үүдэнд зогсож байв.
4 Тэр хүн надад—Хүний хүү, миний чамд үзүүлэх гэж байгаа бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, түүнд анхаарлаа хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүгдийгээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.
5 Харагтун, тэнд сүмийн гадна талд хүрээлсэн нэгэн хэрэм байв. Тэр хүний гарт зургаан тохой урттай хэмжих саваа байв. Тохой бүр нь нэг тохой, алганы энгийн хэмжээтэй аж. Тэрээр хэрмийн зузааныг хэмжихэд нэг саваа болж, түүний өндөр нь нэг саваа болов.
6 Тэгээд тэр зүүн зүг уруу харах дааман хаалга уруу очиж, шатаар нь өгсөж, дааман хаалганы босгыг хэмжихэд түүний өргөн нь нэг саваа болсон. Нөгөө босгоны өргөн нь ч нэг саваа байв.
7 Харуулын өрөөний урт нь нэг саваа, өргөн нь нэг саваа байв. Харуулын өрөөнүүдийн хооронд таван тохой байв. Дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимын дэргэдэх дааман хаалганы босго нь нэг саваа байв.
8 Тэгээд тэр дотор тал уруу харсан дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд нэг саваа байв.
9 Тэрээр дааман хаалганы үүдний танхимыг хэмжихэд найман тохой байв. Түүний хажуугийн багананууд хоёр тохой байв. Дааман хаалганы үүдний танхим нь дотор тал уруу харсан байв.
10 Зүүн зүг уруу харсан дааман хаалганы харуулын өрөөнүүд нь хоёр талдаа гурав гурваар байсан. Тэд гурвуулаа адил хэмжээтэй байв. Хажуугийн багананууд ч бас хоёр талдаа ижил хэмжээтэй байв.
11 Тэрээр үүдний өргөнийг хэмжихэд арван тохой, дааман хаалганы урт нь арван гурван тохой байв.
12 Харуулын өрөөнүүдийн урд, аль аль талд нь нэг тохой өргөнтэй тусгаарлах хана байв. Харуулын өрөөнүүд нь дөрвөлжин, тал бүрдээ зургаан тохой байв.
13 Тэрээр нэг харуулын өрөөний дээврээс нөгөө харуулын өрөөний дээвэр хүртэл дааман хаалгыг хэмжихэд, нэг хаалганаас эсрэг талын хаалга хүртэлх өргөн нь хорин таван тохой байв.
14 Тэр хажуугийн баганануудыг жаран тохой өндөр болгов. Дааман хаалга нь эргэн тойрондоо хашааны хажуугийн багананууд уруу тэлжээ.
15 Орох дааман хаалганы урд талаас дааман хаалганы дотоод танхимын урд тал хүртэл тавин тохой байв.
16 Харуулын өрөөнүүд уруу болон дааман хаалганы дотор талд эргэн тойронд буй хажуугийн багананууд уруу нь харсан сараалжтай цонхнууд байсан ба үүдний танхимуудад мөн тийм байв. Дотор талын эргэн тойронд ч цонхнууд байлаа. Хажуугийн багана бүр дээр далдуу модыг сийлсэн байв.
17 Тэгээд тэр намайг гаднах хашаа уруу авчрав. Харагтун, тэнд эргэн тойронд хашаанд зориулж хийгдсэн танхимууд болон засмал зам байв. Гучин танхим нь засмал зам уруу харж байв.
18 Засмал зам нь (энэ нь доодох засмал зам) дааман хаалгануудын хажуу талаар дааман хаалгануудын урттай тэнцэж байв.
19 Тэгээд тэр доодох дааман хаалганы урд талаас дотоод хашааны гадна зах хүртэлх өргөнийг хэмжихэд зүүн зүгт болон хойд зүгт зуун тохой байв.
20 Хойд зүг уруу харсан гаднах хашааны дааман хаалганы хувьд гэвэл, тэрээр түүний урт, өргөнийг хэмжив.
21 Тэр нь хоёр талдаа гурав гурван харуулын өрөөтэй байв. Түүний хажуугийн багананууд ба үүдний танхимууд нь эхний дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Түүний урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.
22 Түүний цонхнууд, түүний үүдний танхимууд, далдуу модны сийлбэрүүд нь зүүн зүг уруу харсан дааман хаалгатай адил хэмжээтэй байв. Долоон гишгүүрээр өгсөж түүнд хүрэх ба тэдгээрийн урд талд үүдний танхим нь байв.
23 Дотор хашаа нь зүүн зүгийнхтэй адил хойд зүгийн дааман хаалганы харалдаа дааман хаалгатай байв. Тэрээр хэмжсэнд дааман хаалганаас дааман хаалга хүртэл зуун тохой байв.
24 Дараа нь тэр намайг өмнө зүг уруу дагуулж явахад, харагтун, тэнд өмнө зүгт дааман хаалга байсан. Тэрээр хажуугийн багананууд болон үүдний танхимуудыг адилхан хэмжүүрээр хэмжив.
25 Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо мөнөөх бусад цонхнуудтай адил цонхнуудтай байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой байв.
26 Тэнд түүн уруу өгсөх долоон гишгүүр байсан бөгөөд тэдгээрийн урд үүдний танхимууд нь байв. Түүний хоёр талын тус бүрийн хажуугийн багананд далдуу модыг сийлсэн байв.
27 Дотор хашаа нь өмнө зүг уруу харсан дааман хаалгатай байв. Тэрээр өмнө зүгийг чиглэн дааман хаалганаас дааман хаалга уруу хэмжихэд зуун тохой байв.
28 Дараа нь тэр намайг өмнөд дааман хаалгаар дотор хашаанд авчрав. Тэрээр өмнөд дааман хаалгыг мөнхүү адил хэмжүүрээр хэмжив.
29 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн баганууд, үүдний танхимууд нь бусадтай адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.
30 Тэнд эргэн тойронд үүдний танхимууд байсан бөгөөд урт нь хорин таван тохой, өргөн нь таван тохой байв.
31 Түүний үүдний танхимууд гаднах хашаа уруу харсан байв. Түүний хажуугийн баганануудад далдуу модыг сийлсэн байсан ба түүний шат нь найман гишгүүртэй байв.
32 Тэр намайг дотор хашааны зүүн талд дагуулж ирэв. Тэрээр мөн адил хэмжээгээр дааман хаалгыг хэмжив.
33 Түүний харуулын өрөөнүүд бас хажуугийн багананууд нь, үүдний танхимууд нь мөн адил хэмжээтэй байв. Дааман хаалга болон түүний үүдний танхимууд нь эргэн тойрондоо цонхтой байв. Тэр нь тавин тохой урт, хорин таван тохой өргөн байв.
34 Түүний үүдний танхимууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн баганууд дээр далдуу модыг сийлсэн байсан ба шат нь найман гишгүүртэй байв.
35 Дараа нь тэр намайг хойд дааман хаалга уруу авчрав. Тэрээр түүнийг мөн адил хэмжээгээр хэмжив.
36 Түүний харуулын өрөөнүүдийг, хажуугийн баганануудыг, үүдний танхимуудыг хэмжив. Дааман хаалга нь эргэн тойрондоо цонхтой байв. Урт нь тавин тохой, өргөн нь хорин таван тохой ажээ.
37 Түүний хажуугийн багананууд нь гаднах хашаа уруу харжээ. Түүний хоёр талд хажуугийн багананууд дээр далдуу модыг сийлсэн ба шат нь найман гишгүүртэй байв.
38 Үүд бүхий танхим нь дааман хаалган дахь хажуугийн баганануудын дэргэд байв. Тэнд тэд шатаалт тахилыг угаадаг.
39 Дааман хаалганы үүдний танхим дотор тал бүрд нь шатаалт тахил, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахилыг дээр нь нядлахад зориулсан хоёр ширээ байв.
40 Тэр нэгэн хойд зүг уруу харсан үүдэнд очиход гадна талд нь хоёр ширээ байв. Дааман хаалганы үүдний танхимын нөгөө талд нь ч хоёр ширээ байжээ.
41 Дааман хаалганы дэргэд хоёр талд дөрвөн ширээ байсан буюу өөрөөр хэлбэл тахилыг нядлах найман ширээ байжээ.
42 Шатаалт тахилд зориулан цавчмал чулуун дөрвөн ширээ байсан бөгөөд урт нь нэг тохой хагас, өргөн нь нэг тохой хагас, өндөр нь нэг тохой байв. Дээр нь тэд шатаалт тахил болон тахилыг нядлахад хэрэглэдэг зэвсгийг тавьдаг аж.
43 Байшин дотор эргэн тойронд алганы энгийн урттай давхар шүдтэй дэгээнүүд суулгагдсан байв. Ширээнүүд дээр өргөлийн мах байлаа.
44 Дотоод дааман хаалганы гадна, дотоод хашаан дотор хоёр танхим байв. Тэдгээрийн нэг нь хойд дааман хаалганы хажууд нүүрэн тал нь өмнө зүг уруу харсан бөгөөд нөгөө нь зүүн дааман хаалганы хажууд хойд зүг уруу харж байв.
45 Тэр надад—Энэ өмнө зүг уруу харсан танхим бол сүмийн үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан билээ.
46 Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.
47 Тэрээр хашааг хэмжихэд урт нь зуун тохой, өргөн нь зуун тохой шоо дөрвөлжин байв. Тахилын ширээ нь сүмийн урд талд байв.
48 Дараа нь тэр намайг сүмийн үүдний танхимд авчирч, үүдний танхимын хажуугийн багана бүрийг хэмжихэд, тал бүрд таван тохой байв. Дааман хаалганы өргөн нь тал бүрдээ гурван тохой байв.
49 Үүдний танхимын урт нь хорин тохой, өргөн нь арван нэгэн тохой байв. Түүн уруу өгсөх шатан дээр хажуугийн баганануудад хамаарах тулгуурууд хоёр талд нэг нэгээр байв.