Езекиел
Бүлэг 32
1 1. Арван хоёр дахь жилийн арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд“Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.Гэтэл чи далайн мангастай адил юм.Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж,тэдний голуудыг бохиртуулав” гэж хэл.
3 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж,тэд чамайг Миний тороор дээш татах болно.
4 Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон,бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.
5 Чиний махан биеийг уулсын дээр тавьж,чиний баасаар хөндийнүүдийг дүүргэх болно.
6 Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно.Жалганууд ч чамаар дүүрэх болно.
7 Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.
8 Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9 «Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно.
10 Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».
11 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна.
12 Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,түүний хамаг ард олон нь устгагдах болно.
13 Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.
14 Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15 «Би Египетийн нутгийг хоосруулж,дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
16 Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17 Арван хоёр дахь жилийн тэр сарын арван таванд ЭЗЭНий үг надад ирж,—
18 «Хүний хүү, Египетийн олон түмний төлөө гасал. Түүнийг болон хүчирхэг гүрнүүдийн охидыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцөд буулга.
19 “Чи үзэсгэлэнгээрээ хэнээс давуу вэ?Доош явж, хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт ороо зас”.
20 Тэд илдэнд алагдагсдын дунд унах болно. Тэр улс илдэнд тушаагдсан юм. Тэд түүнийг болон түүний бүх олон түмнийг аваад явсан.
21 Хүчтэнүүдийн дотроос хүчтэн нь тэр улс ба түүний туслагчдын тухай Үхэгсдийн орны дундаас ярьж, “Тэд доош явсан, тэд илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна”.
22 Ассири болон түүний хамтрагчид тэнд байна. Булшнууд нь түүний эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан билээ.
23 Тэдний булшнууд нь нүхний хамгийн цаад мухарт байгаа бөгөөд хамтрагчид нь түүний булшны эргэн тойронд байна. Амьдын газарт айдсыг тараагчид болох тэд бүгд алагдаж, илдэнд унасан байна.
24 Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.
25 Тэд түүнд зориулан түүний бүх олон түмэнтэй хамт алагдагсдын хооронд ор зассан. Түүний булшнууд үүнийг тойрон байна. Тэд бүгд хөвч хөндүүлээгүй бөгөөд илдэнд алагдсан. Хэдийгээр тэд амьдын газарт айдсыг төрүүлсэн боловч тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн. Тэд алагдагсдын хооронд тавигдав.
26 Мешех, Тубал ба тэдний бүх олон түмэн нь тэнд байгаа. Булшнууд нь тэднийг хүрээлж байна. Тэд бүгд хэдийгээр амьдын газарт айдсыг төрүүлж байсан ч илдэнд алагдсан хөвч хөндүүлээгүй хүмүүс билээ.
27 Дайтах зэвсэгтэйгээ Үхэгсдийн орон уруу явсан толгойнх нь дор илднүүдээ дэрлэж, хөвч хөндүүлээгүй унасан баатруудын дэргэд ч тэд хэвтээгүй юм. Харин хэдийгээр нэгэн цагт эдгээр баатруудын аймшиг нь амьдын газарт байсан ч, тэдний хууль бус явдлын шийтгэл нь тэдний ясан дээр тавигдсан буй.
28 Гэвч хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.
29 Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагдагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.
30 Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ болон өөрсдийнхөө чадлаас гарсан аймшгийг үл хайхран, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан бүх сидончууд байна. Тийнхүү тэд хөвч хөндүүлээгүй хүмүүс бөгөөд илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн юм.
31 Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан өөрийн хамаг олон түмэн, бүр Фараон болон бүх цэргүүдийнхээ төлөө тайвшруулагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
32 «Хэдийгээр Би амьдын газарт түүнээс айх аймшгийг төрүүлсэн ч, тэрээр Фараон болон түүний хамаг олон түмэн нь хөвч хөндүүлээгүй хүмүүсийн хооронд илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.