Езекиел
Бүлэг 24
1 1. Ес дэх жилийн аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.
3 Тэрслүү гэрт сургаалт зүйрлэлийг өгүүлэн, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Тогоогоо тавьж, түүнийг тавиад бас дотор нь ус хий.
4 Түүний дотор аливаа сайн хэсгүүдийг,гуя хааг хийж, шилсэн яснуудаар дүүргэ.
5 Хонин сүргээс шилдгийг ав.Мөн тогоон дор түлээ овоол.Үүнийгээ сайтар чана.Доторх яснуудыг нь буцалга».
6 Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Цуст хот, зэв нь үл арилах зэвтэй тогоо золгүй еэ.Түүнээс хэсэг хэсгийг сонголгүйгээр гарга.
7 Учир нь түүний цус голд нь байна.Тэр түүнийгээ нүцгэн хадан дээр урсгажээ.Тэр цусаа шороонд хучигдахаар газарт асгасангүй.
8 Өшөө авах хилэн гарч ирэхээр,Би түүний цусыг далдлуулахгүйн тулд нүцгэн хадан дээр урсгасан».
9 Тиймээс, Эзэн БУРХАН ийнхүү айлджээ.«Цуст хот золгүй еэ! Би бас мод овоолсныг агуу их болгоно.
10 Модон дээр овоолон, гал ноцоож, махыг сайтар чанаж, халуун ногоог хутга.Яснууд нь шатаагдаг.
11 Хоосон тогоог нүүрсэн дээр тавь.Ингэснээр тэр халж, хүрэл нь гялалзан, доторх бохир заваан нь хайлж, зэв нь арилах юм.
12 Тэр Намайг нөр их хөдөлмөрөөр ядраажээ.Гэсэн ч түүний үлэмж их зэв нь түүнээс арилсангүй.Түүний зэв нь гал дотор байг!
13 Чиний бохир заваан нь завхай юм.Учир нь Би чамайг цэвэршүүлсэн атал чи цэвэр бус байгаа бөгөөдБи чам дээр Өөрийн хилэнг гүйцээх хүртэл чи өөрийн бохир заваанаас цэвэршүүлэгдэхгүй.
14 ЭЗЭН Би айлдав. Энэ нь ирж буй бөгөөд Би үйлдэх болно. Би зөөлрөхгүй, Би өрөвдөхгүй, Би харамсахгүй. Чиний замууд болон үйлсийн чинь дагуу Би чамайг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.
15 Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—
16 Хүний хүү харагтун, Би нэг үлээлтээр чиний нүдний хүслэнг чамаас авах гэж байна. Гэвч чи гаслах ёсгүй, уйлах ёсгүй, чиний нулимс урсах ёсгүй.
17 Чимээгүй гашууд. Үхэгсдийн төлөө бүү гасал. Толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмс. Сахлаа бүү бүтээ. Хүмүүсийн талхыг бүү ид гэв.
18 Тиймээс өглөө нь би хүмүүст ярьж, үдэш нь миний эхнэр үхэв. Өглөө нь би тушаагдсан ёсоор үйлдэв.
19 Хүмүүс надаас—Чиний үйлдэж буй эдгээр зүйлс бидний хувьд ямар учиртай болохыг чи бидэнд хэлж өгөхгүй юм уу? гэж асуув.
20 Тэгээд би тэдэнд—ЭЗЭНий үг надад ирж,
21 “Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.
22 Та нар Езекиелийн үйлдсэн адил үйлдэх болно. Та нар сахлаа бүтээхгүй, хүмүүсийн талхыг идэхгүй.
23 Та нар толгойдоо даавуу ороож, хөлдөө гутал өмссөн чигээрээ та нар гаслахгүй, уйлахгүй. Харин өөрсдийн хууль бусын дотор ялзран, бие биедээ гашуудах болно.
24 Тийнхүү Езекиел нь та нарт тэмдэг болно. Түүний үйлдсэн бүхний дагуу та нар ч үйлдэх болно. Энэ нь биелэхэд та нар Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно”».
25 “Хүний хүү, чиний хувьд гэвэл, Би тэдний бардамналын баясгалан, тэдний нүдний хүслэн, тэдний зүрхний баясал болох тэдний бат цайз болон тэдний хөвгүүд охидыг авах тэр өдөрт,
26 тэр өдөр амь мултарсан нэгэн чиний чихэнд мэдээг мэдүүлэхээр чамд ирэх бус уу?
27 Тэр өдөр амь мултарч ирсэн тэр хүнд чиний ам нээгдэж, чи ярин, цаашид хэлгүй байхгүй. Тийнхүү чи тэдэнд тэмдэг болж, тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно”.