Езекиел
Бүлэг 46
1 1. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Дотоод хашааны зүүн зүг уруу харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь амралтын өдөр болон шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.
2 Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.
3 Нутгийн ард олон ч бас амралтын өдрүүдэд болон шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой.
4 Амралтын өдрөөр ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь өө сэвгүй зургаан хурга ба өө сэвгүй нэг хуц байх болой.
5 Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой.
6 Шинэ сарын баярын өдөрт өө сэвгүй залуу бух, бас өө сэвгүй зургаан хурга ба нэг хуцыг өргөх ёстой.
7 Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг хангах ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.
8 Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаар явах ёстой.
9 Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой.
10 Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, тэднийг гарах үед тэр гарах ёстой.
11 Баяр наадам болон товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа ба хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.
12 Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.
13 Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд зориулан өө сэвгүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой.
14 Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл болох ефагийн зургааны нэг сайн гурилыг чийглэхийн тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөл нь мөнхөд үргэлжлэх тогтоол юм.
15 Ийнхүү байнгын шатаалт тахилд зориулан өглөө бүр тэд хурга, идээн өргөл ба тосыг бэлтгэх ёстой».
16 Эзэн БУРХАН ийнхүү айлджээ. «Хэрэв ноён өөрийн өвөөс хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно.
17 Харин хэрэв тэр өөрийн өвөөс зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь эрх чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байх болно. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.
18 Ноён нь ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, тэдний өвөөс авч болохгүй. Тэр хөвгүүддээ өөрийн эзэмшлээсээ өвийг өгөх ёстой. Ингэснээр Миний ард түмнээс хэн нь ч өөрийн эзэмшлээсээ тараагдахгүй юм»” хэмээгтүн гэв.
19 Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв.
20 Тэр надад—Энэ бол тахилч нарын гэмийн төлөөх тахил, нүглийн төлөөх тахилыг чанаж, идээн өргөлийг жигнэх газар юм. Энэ нь тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олонд ариун байдлыг дамжуулахгүйн тулд юм гэв.
21 Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв.
22 Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв.
23 Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв.
24 Дараа нь тэр надад—Эдгээр нь өргөөний үйлчлэгчид ард олны тахилуудыг чанадаг газрууд юм гэв.