Езекиел

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48


-Reset+

Бүлэг 16

1 1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—
2 Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж,
3 хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан.
4 Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.
5 Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.
6 Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээн айлдсан билээ.
7 Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.
8 Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9 «Тэгээд Би чамайг усанд булхан, чамаас цусыг чинь угаан, чамайг тосоор тосолжээ.
10 Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, чиний хөлд далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүтээв.
11 Би чамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн.
12 Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив.
13 Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон.
14 Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15 «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан.
16 Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.
17 Чи бас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн.
18 Дараа нь чи өөрийн хатгамалтай хувцаснуудыг авч, тэднийг бүтээн, Миний тос болон Миний утлагыг тэдний өмнө өргөв.
19 Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
20 «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу?
21 Чи Миний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн.
22 Чиний бүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй.
23 Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.),
24 чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.
25 Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.
26 Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан.
27 Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан.
28 Түүгээр ч барахгүй, чи ханаагүй учраас ассиричуудтай садар самууныг үйлдэв. Чи тэдэнтэй садар самууныг үйлдсэн ч бас ханаагүй.
29 Чи бас худалдаачдын газар болох Халдеитай садар самууныг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй»”.
30 “Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
31 “Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй.
32 Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.
33 Эрчүүд бүх янхан эмсэд бэлэг өгдөг, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруугаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлэг өгдөг.
34 Ийнхүү чи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм”.
35 Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.
36 Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө,
37 тиймийн тул харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно.
38 Тийнхүү завхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна.
39 Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.
40 Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина.
41 Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.
42 Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, Миний хардалт чамаас салж, Би тайтгаран цаашид уурлахгүй.
43 Чи залуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ ёс бус явдлыг үйлдэхгүй юм.
44 Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үгийг иш татан «Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно.
45 Өөрийн нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ.
46 Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.
47 Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв”.
48 Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй.
49 Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй.
50 Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан.
51 Түүгээр ч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав.
52 Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.
53 Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана.
54 Энэ нь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм.
55 Чиний эгч дүүс болох Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт өөрсдийн урьдын газарт буцаж, бас чи охидтойгоо хамт өөрийн урьдын газартаа буцаж ирнэ.
56 Чиний бардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил,
57 (энэ нь чиний хорон муу дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна.
58 Чи өөрийн завхай явдал болон жигшүүрт үйлсийг төрүүлжээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
59 Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.
60 Гэсэн ч чиний залуу насны өдрүүдэд чамтай байгуулсан Өөрийн гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.
61 Тэгээд чи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм.
62 Ийнхүү Би чамтай Өөрийн гэрээг байгуулах бөгөөд чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
63 Энэ нь чиний үйлдсэн бүхний төлөө Би чамайг уучлах цагт, чи санан ичиж, өөрийн доромжлолоос болж дахин хэзээ ч амаа нээхгүйн тулд юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.