Езекиел
Бүлэг 37
1 1. ЭЗЭНий мутар миний дээр байсан. Тэр намайг ЭЗЭНий Сүнсээр авч яваад, хөндийн голд буулгав. Тэр нь ясаар дүүрэн байлаа.
2 Тэр намайг тэдний дундуур тойруулан явуулсан бөгөөд харагтун, тэр хөндийн гадарга дээр үлэмж их яс байсан ба тэдгээр нь хувхайрсан байв.
3 Тэр надад айлдаж,—Хүний хүү, эдгээр яснууд амьдарч чадах уу? хэмээсэнд би хариулан—Эзэн БУРХАН, Та мэднэ гэв.
4 Дахин Тэр надад—Эдгээр яснуудын дээр эш үзүүлж, тэдгээрт “Хувхай яснууд аа, ЭЗЭНий үгийг сонсогтун” гэж өгүүл.
5 Эзэн БУРХАН эдгээр яснуудад ийнхүү айлдаж байна. “Харагтун, та нар амилахын тулд Би та нар уруу амьсгалыг оруулна.
6 Та нар амилахын тулд Би та нарт шөрмөс хийж, мах ургуулж, та нарыг арьсаар бүрхэж, та нарын дотор амьсгал оруулах болно. Та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно” хэмээв.
7 Тийнхүү тушаагдсан ёсоор би эш үзүүлэв. Намайг эш үзүүлж байхад тэнд чимээ гарав. Харагтун, тачигналдсан чимээ гарав. Тэгэхэд яснууд бөөгнөрөн яс ястай нийлж холбогдов.
8 Би харсан бөгөөд харагтун, тэдний дээр шөрмөс бий болж, мах ургаж, тэдний дээр арьс бүрхэв. Гэвч тэдний дотор амьсгал алга байв.
9 Тэгэхэд Тэр надад айлдаж—Амьсгалд эш үзүүл, хүний хүү эш үзүүлж амьсгалд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Амьсгал аа, дөрвөн зүгээс ирж, эдгээр алагдагсад дээр үлээж, тэднийг амилуул»” гэв.
10 Тийнхүү Түүний надад тушаасан ёсоор би эш үзүүлсэнд амьсгал тэдэнд орж, тэд амьд болов. Үлэмж их цэргүүд хөл дээрээ босоцгоов.
11 Тэгээд тэр надад—Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав” хэмээдэг.
12 Тиймийн тул, чи эш үзүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргана. Би та нарыг Израилийн газарт авчрах болно.
13 Миний ард түмэн, Би та нарын булшнуудыг нээж, та нарыг булшнуудаас чинь гаргасан үед та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
14 Би та нарын дотор Өөрийн Сүнсийг тавьж, та нар амилж, Би та нарыг төрөлх нутагт чинь суулгах болно. Тэгээд ЭЗЭН Би үүнийг айлдсан ба үүнийг бүтээснийг та нар мэдэх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна”.
15 ЭЗЭНий үг надад дахин ирж,—
16 Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө” хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө” хэмээн бич.
17 Тэгээд тэдгээрийг өөртөө, нэгийг нь нөгөөд, нэг саваа болгож, чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл.
18 Чиний ард түмний хөвгүүд чамд хандан “Чи үүгээр юуг хэлэх гэж байгааг бидэнд тайлбарлаж өгөхгүй юу?” хэмээн өгүүлэх үед
19 тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Ефраимын гарт буй Иосефын савааг болон түүний хамтрагчид болох Израилийн овгуудыг авч тэднийг Иудагийн саваатай нийлүүлж, нэг саваа болгоно. Тэд Миний мутарт нэг болно» гэв”
20 Чиний дээр нь бичсэн саваа тэдний нүдэн дээр чиний гарт байх болно.
21 Тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Израилийн хөвгүүдийг очсон үндэстнүүдийнх нь дундаас авч, тэднийг зүг бүрээс цуглуулж, төрөлх нутагт нь аваачна.
22 Би тэднийг тэр газарт, Израилийн уулс дээр нэгэн үндэстэн болгоно. Нэг л хаан тэдний бүгдийнх нь хаан байх болно. Тэд хойшид хоёр үндэстэн болохгүй, тэд цаашид хоёр хаанчлалд хуваагдахгүй.
23 Тэд хойшид өөрсдийн шүтээнүүд, өөрсдийн бузар зүйлс болон өөрсдийн аливаа гэм нүглээр өөрсдийгөө бузарлахгүй. Харин нүгэл үйлдсэн тэдний оршин сууж буй газруудаас нь тэднийг Би аварч, тэднийг цэвэрлэх болно. Тэд Миний ард түмэн болж, Би тэдний Бурхан болно.
24 Миний зарц Давид тэднийг захирах хаан болж, тэд бүгд ганц хоньчинтой байна. Тэд Миний зарлигаар явж, Миний тогтоолуудыг сахин үйлдэх болно.
25 Би Өөрийн зарц Иаковтаа өгсөн нутаг буюу та нарын өвөг дээдсийн амьдарсан тэр газарт тэд амьдрах болно. Тэд тэнд өөрсдийн хөвгүүд болон хөвгүүдийнхээ хөвгүүдтэй хамт мөнхөд амьдарна. Миний зарц Давид үүрд тэдний ноён болно.
26 Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулах болно. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ байх болно. Би тэднийг байрлуулж, тэднийг өсгөн олшруулж, Өөрийн ариун газрыг тэдний дунд мөнхөд байлгах болно.
27 Миний орших газар бас тэдэнтэй хамт байх болно. Би тэдний Бурхан болж, тэд Миний ард түмэн болно.
28 Миний ариун газар тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл.