Иеремиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


-Reset+

Бүлэг 39

1 1. Иудагийн хаан Зедекиагийн ес дэх жилийн аравдугаар сард Иерусалим эзлэгдэхэд Вавилоны хаан Небухаднезар болон түүний бүх цэргүүд Иерусалим уруу ирж, түүнийг бүслэв.
2 Зедекиагийн арван нэг дэх жилийн дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ.
3 Дараа нь Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-сар-езер, Самгар-небу, ахлах тайган Сар-сехим, тэргүүн мэргэч Нергал-сар-езер болон Вавилоны хааны бүх үлдсэн түшмэд орж ирэн, Дунд Дааман Хаалганы дэргэд сууцгаав.
4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчид тэднийг хараад, зугтан, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох дааман хаалгаар дамжин хотоос шөнөөр гарч явав. Тэрээр Арабагийн зүг явав.
5 Харин халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барив. Тэд түүнийг барьж, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар уруу аваачсан бөгөөд тэрээр түүнд ял оноов.
6 Дараа нь Вавилоны хаан Зедекиагийн хөвгүүдийг өөрийнх нь нүдний өмнө Риблад алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх ноёдыг алав.
7 Тэгээд тэрээр Зедекиагийн нүдийг сохлоод, түүнийг Вавилонд авчрахаар хүрэл дөнгөөр дөнгөлөв.
8 Халдеичууд мөн хааны ордон болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Иерусалимын хэрмийг нураав.
9 Хотод үлдсэн бусад хүмүүс буюу түүн уруу очсон оргодлууд болон үлдсэн бусад хүмүүсийн хувьд, тэднийг харуулын ахмад Небузарадан Вавилон уруу цөллөгт аваачив.
10 Харин юу ч үгүй зарим хамгийн ядуу хүмүүсийг харуулын ахмад Небузарадан Иудагийн нутагт хойноо үлдээж, тэдэнд тэр үед усан үзмийн болон тариалангийн талбайнуудыг өгөв.
11 Вавилоны хаан Небухаднезар Иеремиагийн талаар харуулын ахмад Небузараданаар дамжуулан тушаал буулгахдаа—
12 Түүнийг аваад, асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэрээр чамд юу гэж хэлсний дагуу түүнтэй харьц гэв.
13 Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергалсар-езер болон Вавилоны хааны бүх удирдах түшмэдийн хамт үг илгээв.
14 Тэд хүн явуулж, харуулын гэрийн хашаанаас Иеремиаг гарган авч, түүнийг Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад гэрт нь аваачуулахаар хариуцуулав. Ингээд тэрээр хүмүүсийн дунд үлджээ.
15 Иеремиаг харуулын гэрийн хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж,
16 “Явж, етиоп хүн Ебед-мелехтэй ярьж, «Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. ”Үзэгтүн, Би энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана гэсэн Миний үгс тэр өдөр чиний өмнө биелэгдэх болно.
17 Гэвч Би чамайг тэр өдөр аварна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй.
18 Учир нь Би чамайг заавал аварч, чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэсэн тул өөрийн амиа олз мэт авна” гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэлээрэй” гэв.