Иеремиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


-Reset+

Бүлэг 37

1 1. Вавилоны хаан Небухаднезарын Иудагийн нутагт хаан болгосон Иосиагийн хүү Зедекиа нь Иехоиакимын хүү Кониагийн оронд хаан болж хаанчлав.
2 Харин тэр ч, түүний зарц нар ч, нутгийн ард түмэн ч эш үзүүлэгч Иеремиагаар дамжуулан ЭЗЭНий айлдсан үгсийг сонссонгүй.
3 Гэсэн хэдий ч Зедекиа хаан, Шелемиагийн хүү Иехукал болон Маасеиагийн хүү тахилч Зефаниаг “Бидний Бурхан ЭЗЭНээс бидний төлөө залбирна уу” гэж хэлүүлэн эш үзүүлэгч Иеремиа уруу явуулав.
4 Иеремиа хүмүүсийн дунд ирж, явж байв. Учир нь тэд түүнийг шоронд хийгээгүй байв.
5 Энэ хооронд Фараоны цэргүүд Египетээс гарчээ. Иерусалимыг бүслээд байсан халдеичууд тэдний талаарх мэдээг сонсоод, Иерусалимаас бүслэлтийг авав.
6 Тэгтэл ЭЗЭНий үг эш үзүүлэгч Иеремиад ирж,
7 “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Надаас асуулгахаар чамайг Над уруу явуулсан Иудагийн хаанд чи ингэж хэлэгтүн. ”Үзэгтүн, та нарт туслахаар ирсэн Фараоны цэргүүд өөрсдийн нутаг Египет уруу буцах гэж байна.
8 Халдеичууд бас буцаж ирж, энэ хотын эсрэг тулалдаж, түүнийг эзлэн аваад, галдан шатаана”» хэмээв.
9 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нар “Халдеичууд биднээс лавтай яа холдоно” гэцгээн, өөрсдийгөө бүү хуурцгаа. Учир нь тэд явахгүй.
10 Учир нь өөрсдийн чинь эсрэг тулалдаж байсан халдеичуудын бүхий л цэргүүдийг та нар дийлж, тэдний дунд шархадсан хүмүүс, хүн бүр өөрийн майхандаа үлдсэн ч, тэд босож, энэ хотыг галдан шатаах байсан» хэмээв” гэж айлдав.
11 Халдеичуудын цэргүүд Фараоны цэргүүдээс болж Иерусалимаас бүслэлтийг татахад,
12 Иеремиа Иерусалимаас Бениамины нутаг уруу, тэнд хүмүүсийн дунд өмч хөрөнгийг эзэмшихийн тулд явав.
13 Түүнийг Бениамины Дааман Хаалган дээр байж байтал Хананиагийн ач, Шелемиагийн хүү, Ирийа гэдэг нэртэй харуулын ахмад тэнд байв. Тэрээр—Чи халдеичууд уруу явж байна! гээд эш үзүүлэгч Иеремиаг баривчлав.
14 Харин Иеремиа—Худлаа! Би халдеичууд уруу яваагүй гэв. Гэлээ ч тэрээр түүнийг сонссонгүй. Ингээд Ирийа Иеремиаг баривчлаад, түүнийг түшмэд уруу аваачив.
15 Тэгтэл түшмэд Иеремиад уурлаж, түүнийг зодож жанчин, өөрсдөө шорон болгосон гүүш Ионатаны гэрт түүнийг гянданд хийв.
16 Учир нь Иеремиа нүхэн гяндан болох газар доорх гянданд оржээ. Иеремиа тэнд олон өдөр байв.
17 Зедекиа хаан хүн явуулж, түүнийг гаргажээ. Өөрийн ордонд хаан түүнээс нууцаар асуун,—ЭЗЭНээс ирсэн үг байна уу? гэхэд Иеремиа—Байна! гэв. Тэгээд тэрээр—Чи Вавилоны хааны гарт тушаагдах болно! гэв.
18 Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд—Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав?
19 Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?
20 Харин одоо, хаан эзэн минь, сонсогтун. Миний гуйлтыг өмнөө авч, би тэнд үхэхгүйн тулд намайг гүүш Ионатаны гэр уруу бүү буцаагаач гэж хэлэв.
21 Дараа нь Зедекиа хаан тушаал буулгаж, тэд Иеремиаг харуулын гэрийн хашаанд даалган, хотын бүх талх дуустал түүнд талхчны гудамжнаас өдөр тутам бүтэн талх өгч байв. Ингээд Иеремиа харуулын гэрийн хашаанд үлдэв.