Иеремиа

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52


-Reset+

Бүлэг 32

1 1. Иудагийн хаан Зедекиагийн арав дахь жилд буюу Небухаднезарын найм дахь жилд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.
2 Тэр үед Вавилоны хааны их цэрэг Иерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа Иудагийн хааны гэр, харуулын хашаанд түгжигдсэн байв.
3 Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг түгжин,—Чи яагаад эш үзүүлэн, “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна.
4 Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана.
5 Тэрээр Зедекиаг Вавилон уруу аваачих бөгөөд Намайг түүн дээр иртэл Зедекиа тэнд байх болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв чи халдеичуудын эсрэг тулалдвал, чи дийлэхгүй» гэж хэлнэ вэ?” гэжээ.
6 Иеремиа—ЭЗЭНий үг над уруу ирж,
7 “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам уруу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж байна” гэсэн.
8 Тэгтэл авга ахын минь хүү Ханамел ЭЗЭНий үгийн дагуу харуулын хашаанд над уруу ирж, надад Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь чамд эзэмших эрх байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдэв.
9 Би өөрийн авга ахын хүү Ханамелаас Анатот дахь талбайг худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв.
10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн, гэрчүүдийг дуудан, мөнгийг жин дээр хэмжиж өгөв.
11 Тэгээд би худалдан авсан юмны баримтыг буюу нөхцөл болзлыг агуулсан битүүмжлэгдсэн хувь, битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь авав.
12 Миний авга ахын хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтанд гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр, мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгөв.
13 Тэдний өмнө би Барухад тушаан,
14 “Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэд урт удаан хугацааны турш хадгалагдахын тулд тэднийг шавар ваарт хий» хэмээв.
15 Учир нь Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно» хэмээв” гэж хэлсэн.
16 Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирсан.
17 “Өө, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та Өөрийн аугаа хүч чадлаар болон Өөрийн сунгасан мутраар тэнгэрүүд ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш.
18 Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн гэм бурууг араас нь үр хүүхдийнх нь өвөрт төлдөг, аугаа хүчит Бурхан юм. Түүний нэр бол түмэн цэргийн ЭЗЭН билээ.
19 Та бол хүн бүрд өөрийнх нь зам болон үйлсийнх нь үр жимсийн дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүмүүсийн хөвгүүдийн бүх замналуудыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ.
20 Та энэ өдрийг хүртэл Израильд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ.
21 Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египетийн нутгаас гарган авчирч,
22 Тэдний эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.
23 Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.
24 Үзэгтүн, бүслэлтийн далангууд хотыг авахаар түүнд хүрчээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалддаг халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелсэн билээ. Үзэгтүн, Та хардаг билээ.
25 Өө, Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэжээ.
26 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа
27 “Үзэгтүн, Би бол ЭЗЭН, бүх махан биеийн Бурхан. Надад ямар нэгэн зүйл дэндүү хэцүү юу?”.
28 Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.
29 Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд орж ирж, энэ хотод гал тавин, дээвэр дээр нь Баалд утлага өргөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан гэрүүдтэй хамт түүнийг шатаах болно.
30 Үнэндээ Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ Миний мэлмийд зөвхөн бузар мууг үйлдэж байсан билээ. Учир нь Израилийн хөвгүүд өөрсдийн гарын бүтээлээр Намайг зөвхөн уурлуулж байв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
31 Үнэндээ Надад энэ хот тэднээр баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл Миний уур болон Миний хилэн байсан нь Миний нүүр царайны өмнөөс зайлуулагдахын тулд юм.
32 Энэ нь Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Иерусалимын оршин суугчдын буюу Израилийн хөвгүүд болон Иудагийн хөвгүүдийн үйлдсэн бүх бузар муугаас болсон юм.
33 Тэд нүүрээ бус, нуруугаа Над уруу харуулав. Хэдийгээр тэдэнд дахин, дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв.
34 Харин тэд Миний нэрээр дуудагдсан өргөөг бузарлахын тулд түүн дотор өөрсдийн жигшүүрт зүйлсээ тавьдаг.
35 Тэд өөрсдийн хөвгүүд ба охидыг Молехт зориулан гал дундуур өнгөрүүлэхийн тулд Бен-хинномын хөндий дэх Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьдаг. Би тэдэнд үүнийг тушаагаагүй бөгөөд Иудагаар нүгэл үйлдүүлэхийн тулд тэд энэ жигшүүрт зүйлийг хийх нь Миний оюун бодолд ч орсонгүй.
36 Тийм учраас одоо Израилийн Бурхан ЭЗЭН «Энэ нь илд, өлсгөлөн болон тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна.
37 Үзэгтүн, Өөрийн уур, хилэн хийгээд их зэвүүцлээр тэднийг зайлуулсан бүх нутгаас Би тэднийг цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна.
38 Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно.
39 Тэд өөрсдийн сайны төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.
40 Тэдэнд сайныг үйлдэн, тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ.
41 Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.
42 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх агуу гамшгуудыг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныг Би тэдэн дээр авчрах гэж байна.
43 Чиний “Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ” гэж хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно.
44 Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Иерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.