Тооллого
Бүлэг 3
1 1. ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна.
2 Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм.
3 Эдгээр нь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.
4 Гэвч Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.
5 ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
6 Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга.
7 Тэд асрын үйлчлэлийг хийхийн тулд хурлын майхны өмнө түүнд болон бүх чуулганд зориулагдсан үүргүүдийг биелүүлэх болно.
8 Тэд бас асрын үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой.
9 Ингээд чи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу.
10 Тиймээс чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн үүргийг гүйцэтгүүл. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.
11 ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа—
12 Одоо харагтун. Израилийн хөвгүүдийн дунд умайг нээгч ууган бүрийн оронд Би Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авав. Тиймээс левичүүд нь Минийх байх болно.
13 Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.
14 Тэгээд Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
15 Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв.
16 Тиймээс өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов.
17 Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм.
18 Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд
19 ургуудын дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд
20 ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.
21 Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой.
22 Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв.
23 Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.
24 Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв.
25 Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц,
26 асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.
27 Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой.
28 Ариун газрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв.
29 Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа.
30 Кохатчуудын ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа.
31 Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.
32 Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.
33 Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь Мерарийн ургууд болой.
34 Тэдний нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх эр хүйстний тоо нь зургаан мянга хоёр зуу байв.
35 Мерарийн ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа.
36 Мерарийн хөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл,
37 хашааг тойрсон багананууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.
38 Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв.
39 ЭЗЭНий үгээр Мосе, Аарон нарын тоолсон нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр, ургуудаар тоологдсон левичүүдийн бүх эрчүүд нь хорин хоёр мянга байлаа.
40 Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав.
41 Би бол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа.
42 Тэгээд Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ.
43 Нэрсийн тоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.
44 Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—
45 Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН.
46 Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд
47 чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера),
48 тэдний дундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв.
49 Тийнхүү левичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ.
50 Израилийн хөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа.
51 Ингээд Мосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.