Тооллого
Бүлэг 22
1 1. Дараа нь Израилийн хөвгүүд аялан, Иерихогийн харалдаа Иорданы чанадад Моабын хээр талд буудаллав.
2 Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.
3 Тиймээс ард түмнээс болж Моаб үлэмж айдаст автжээ. Учир нь израильчууд тоо томшгүй олон байлаа. Моаб нь Израилийн хөвгүүдээс ихэд айв.
4 Моаб Мидианы ахмадуудад хандан—Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа.
5 Тиймээс тэр өөрийн ард түмний хөвгүүдийн нутагт буй Евфратын дэргэд орших Петор дахь Беорын хүү Балаам уруу түүнийг дуудахаар элч нарыг илгээн—Харагтун, Египетээс ард түмэн гарч ирсэн байна. Харагтун, тэд газрын гадаргууг бүрхэж, миний эсрэг талд амьдарч байна.
6 Тийм учраас одоо ирээч. Тэд миний хувьд хэт хүчирхэг байгаа тул миний төлөө энэ ард түмнийг хараагтун. Тэгвэл би тэднийг дийлж, нутгаасаа хөөн гаргах чадвартай болж магадгүй. Учир нь чиний ерөөдөг хүн ерөөгдөж, чиний хараадаг хүн хараагддаг гэдгийг би мэднэ гэж хэлүүлэв.
7 Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.
8 Тэр тэдэнд—Шөнийг эндээ өнгөрүүлэгтүн. ЭЗЭНий надад юу айлдахыг би та нарт хариу хэлье хэмээн өгүүлэв. Моабын удирдагчид Балаамтай хамт үлдэв.
9 Дараа нь Бурхан Балаам дээр ирж—Чамтай хамт байгаа эдгээр хүмүүс хэн бэ? хэмээв.
10 Балаам Бурханд—Моабын хаан, Зиппорын хүү Балак надад үг илгээн
11 “Египетээс гарч ирсэн ард олныг харагтун. Тэд газрын гадаргууг бүрхэв. Одоо ирж, миний төлөө тэднийг хараагтун. Тэгвэл би тэдний эсрэг дайтаж, тэднийг хөөн гаргах чадвартай болж магадгүй” гэж хэлүүлсэн гэв.
12 Бурхан Балаамд—Тэдэнтэй хамт бүү явагтун. Тэр ард түмэн ерөөгдсөн учир чи тэднийг харааж болохгүй хэмээлээ.
13 Тийнхүү өглөө нь Балаам босож Балакийн удирдагчдад—Намайг та нартай явахыг ЭЗЭН татгалзсан тул нутаг уруугаа буцан явцгаа гэв.
14 Моабын удирдагчид босож Балак уруу очин, түүнд—Балаам бидэнтэй хамт ирэхээс татгалзав хэмээн хэлэв.
15 Дараа нь Балак урьдынхаасаа илүү олон, илүү нэр хүндтэй удирдагчдыг дахин илгээв.
16 Тэд Балаам уруу ирээд, түүнд—Зиппорын хүү Балак ийнхүү хэлж байна. “Танаас би гуйя. Над уруу ирэхэд танд юу ч бүү саад болог.
17 Учир нь би таныг үнэхээр их хүндэтгэж, таны надад хэлсэн болгоныг би хийх болно. Тэгэхээр ирээч, миний төлөө энэ ард түмнийг хараагаач” гэв.
18 Балаам Балакийн зарц нарт хариулан—Балак надад алт мөнгөөр дүүрэн өөрийн гэрийг өгсөн ч гэсэн би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалтай зөрчилдөх их ч бай, бага ч бай ямар ч зүйлийг хийж чадахгүй.
19 Одоо харин та нар мөн өнөө шөнө эндээ үлдэгтүн. ЭЗЭН надад өөр юу айлдахыг нь би мэдье гэлээ.
20 Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд—Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.
21 Тиймээс Балаам өглөө босож, өөрийн илжгээ унан, Моабын удирдагчидтай хамт явав.
22 Гэвч түүнийг явснаас болж Бурхан уурлав. ЭЗЭНий тэнгэр элч түүний эсрэг дайсан болон зам дээр зогслоо. Тэр илжгээ унан явж байсан бөгөөд хоёр зарц нь түүнтэй хамт байлаа.
23 ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг илжиг хармагцаа замаас эргэж, тариан талбай уруу явав. Гэвч Балаам түүнийг зам уруу эргүүлж буцаахаар илжгийг цохив.
24 Тэгтэл ЭЗЭНий тэнгэр элч хоёр талдаа ханатай усан үзмийн талбайнуудын нарийхан зам дээр зогсов.
25 Илжиг нь ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, өөрийгөө хананд шахан, Балаамын хөлийг хананд шахав. Тиймээс тэр илжгийг дахин цохив.
26 ЭЗЭНий тэнгэр элч цааш яван, баруун тийш ч, зүүн тийш ч эргэхийн аргагүй нарийхан газар зогсов.
27 Илжиг ЭЗЭНий тэнгэр элчийг хараад, Балаамын доор хэвтэв. Тиймээс Балаам уурлаж саваагаараа илжгийг цохилоо.
28 ЭЗЭН илжигний амыг нээсэн бөгөөд илжиг Балаамд—Чи намайг ингэж гурван удаа цохихоор чамд би юуг хийв? гэв.
29 Тэгэхэд нь Балаам илжгэнд—Учир нь чи надаар тохуурхав. Хэрэв гарт минь илд байсансан бол би чамайг одоо алсан байхсан гэлээ.
30 Илжиг Балаамд—Өнөөдрийг хүртэл бүхэл амьдралынхаа туршид унаж яваа илжиг чинь би биш гэж үү? Би чамд тийм юмыг хийж заншсан байсан гэж үү? гэхэд тэр—Үгүй гэлээ.
31 Дараа нь ЭЗЭН Балаамын нүдийг нээхэд, ЭЗЭНий тэнгэр элч гартаа сугалсан илд барин зам дээр зогсож буйг тэр харлаа. Балаам газар хүртэл бөхийлөө.
32 ЭЗЭНий тэнгэр элч түүнд—Чи илжгээ юунд ийнхүү гурван удаа цохив? Харагтун, чиний зам надад сөрөг байсны учир би дайсан мэт гарч ирсэн.
33 Гэвч илжиг намайг хараад, гурван удаа надаас зайлсан. Хэрэв тэр надаас зайлаагүй бол Би гарцаагүй чамайг дор нь алж, түүнийг амьд үлдээх байсан гэв.
34 Балаам ЭЗЭНий тэнгэр элчид хандан—Таныг зам дээр миний эсрэг зогсож байсныг мэдээгүй учир би нүгэл үйлджээ. Тэгэхээр одоо хэрэв энэ нь танд таалагдахгүй байвал би буцах болно гэлээ.
35 Гэвч ЭЗЭНий тэнгэр элч Балаамд—Энэ хүмүүстэй хамт яв. Харин чи миний чамд хэлэх үгийг л зөвхөн яригтун гэв. Тиймээс Балаам нь Балакийн удирдагчидтай хамт явав.
36 Балаамын ирж явааг Балак сонсоод, тэр Арноны хил дээр байдаг, хилийн хамгийн эцэст орших Моабын хотод түүнтэй уулзахаар гарав.
37 Дараа нь Балак Балаамд—Чамайг дуудуулахаар би чам уруу элч нарыг яаралтай илгээгээгүй гэж үү? Чи юунд над уруу ирсэнгүй вэ? Би чамайг үнэхээр хүндэтгэж чадахгүй байна гэж үү? гэв.
38 Тиймээс Балаам Балакт—Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв.
39 Балаам Балактай хамт явж, тэд Кириат-хузотод ирэв.
40 Балак үхэр, хонь өргөж, Балаам болон түүнтэй хамт байсан удирдагчдад илгээлээ.
41 Өглөө нь Балак Балаамыг авч, Баалын мөргөлийн өндөрлөгүүд өөд аваачжээ. Тэр тэндээс ард түмний нэг хэсгийг харав.