Тооллого
Бүлэг 18
1 1. ЭЗЭН Ааронд—Ариун газартай холбогдох гэмийг чи болон хөвгүүд чинь, мөн чиний эцгийн бүл чамтай хамт үүрэх ёстой. Та нарын тахилчийн үйлчлэлтэй холбогдох гэмийг чи болон чиний хөвгүүд чамтай хамт үүрэх болно.
2 Гэвч чи өөртэйгөө хамт бас өөрийн эцгийн овог, өөрийн ах дүү болох Левийн овгийг авчир. Энэ нь чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байх зуур тэд чамтай хамтран, чамд үйлчлэхийн тулд билээ.
3 Тийнхүү тэд чиний алба болон бүх майхны албанд оролцох ёстой бөгөөд харин тэд ариун газрын болон тахилын ширээний эдлэлүүдэд ойртох ёсгүй. Эс бөгөөс чи болон тэдний аль аль нь үхэх болно.
4 Тэд чамтай хамт байж, хурлын майхны албанд, майхны бүх үйлчлэлийн төлөө оролцох ёстой. Харин гаднын хүн чамд ойртох ёсгүй.
5 Тийнхүү Израилийн хөвгүүдийн дээр хойшид уур хилэн буулгахгүйн тулд чи ариун газрын алба болон тахилын ширээний албанд оролцох ёстой.
6 Харагтун, Би Өөрөө чиний ах дүү болох левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас авав. Тэд бол хурлын майхны төлөө үйлчлэлийг гүйцэтгэхээр ЭЗЭНд зориулагдсан, чамд өгөгдсөн бэлэг ажгуу.
7 Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний дотор талтай холбоотой юм бүрийн төлөө тахилчийн үүргийг хашина. Та нар үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би та нарт тахилчийн үүргийг соёрхогдсон үйлчлэл болгон өгч байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.
8 Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив.—Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд мөнхийн хувь болгон өгөв.
9 Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой.
10 Хамгийн ариун бэлгүүдийн хувьд, чи түүнийг идэх ёстой. Эр хүйстэн бүр түүнийг ид. Энэ нь та нарт ариун болох юм.
11 Бас тэдний бэлгийн өргөл, тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн бүх даллах өргөлүүд ч чинийх юм. Тэдгээрийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон үүнийг идэж болно.
12 Шинэ тосны хамгийн сайн бүхнийг, шинэ дарс болон үр тарианы хамгийн сайн бүхнийг, тэдний ЭЗЭНд өгдөг юмсын анхны үр жимснүүдийг Би чамд өглөө.
13 Тэдний ЭЗЭНд авчирдаг, тэдний нутаг дахь бүхний анхны боловсорсон үр жимснүүд чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон түүнийг идэж болно.
14 Израилийн доторх аливаа зориулагдсан зүйл чинийх болох ажгуу.
15 Тэдний ЭЗЭНд өргөдөг бүх махан биеийн умайг нээгч ууган болгон хүн ч бай, амьтан ч бай чинийх болох ёстой. Гэхдээ хүний ууган үрийг чи заавал золих ёстой бөгөөд бузар амьтдын ууган төлийг ч чи золих ёстой.
16 Тэдний золилтын үнийн хувьд гэвэл, чи тэднийг нэг сартайгаас нь эхлэн өөрийн үнэлгээгээр хорин гера болох ариун газрын шекелийн дагуу таван мөнгөн шекелээр золигтун.
17 Харин үхрийн ууган төл, эсвэл хонины ууган төл, эсвэл ямааны ууган төлийг чи золих ёсгүй. Тэд ариун билээ. Чи тэдний цусыг тахилын ширээн дээр цацаж, ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэрт зориулан галаар өргөх тахил болгон өөхийг нь шатаан уугиулагтун.
18 Тэдгээрийн мах нь чинийх болох ёстой. Энэ нь даллах өргөлийн өвчүү ба баруун гуяны адил чинийх болох болой.
19 Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.
20 Дараа нь ЭЗЭН Ааронд айлдсан нь—Чамд тэдний нутагт ямар ч өв байхгүй, тэдний дундаас ямар ч хувийг чи эзэмшихгүй. Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ.
21 Харагтун, Левийн хөвгүүдэд Би Израиль дахь бүх арван хувийг өв болгон тэдний гүйцэтгэдэг үйлчлэл болох хурлын майхны үйлчлэлийн хариуд өгөв.
22 Израилийн хөвгүүд дахин хурлын майханд ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглийг үүрэн үхэх болно.
23 Зөвхөн левичүүд хурлын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хууль бусыг үүрэх ёстой. Энэ нь үе удмыг чинь дамжин улиран үргэлжлэх тогтоол болох бөгөөд Израилийн хөвгүүдийн дунд тэд ямар ч өвгүй байх болно.
24 Учир нь Израилийн хөвгүүдийн өргөл болгон ЭЗЭНд өргөдөг тэдний арван хувийг Би левичүүдэд өв болгон өгсөн билээ. Тийм учраас Би тэдний тухайд “Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв байхгүй болно” гэж айлдав хэмээв.
25 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
26 Үүнээс гадна, чи левичүүдтэй ярьж, тэдэнд “Израилийн хөвгүүдээс та нарт өв болгон Миний өгөх арван хувийг та нар тэднээс авахдаа түүнээсээ буюу арван хувиас арван хувийг нь ЭЗЭНд өргөл болгон авчир.
27 Өргөл чинь үтрэмийн үр тариа, эсвэл дарсны торхны бүрэн бүтээгдэхүүн хэмээн та нарт тооцогдох болой.
28 Тийнхүү та нар Израилийн хөвгүүдээс хүлээн авсан өөрсдийн арван хувиасаа ЭЗЭНд өргөлийг бас авчрах болно. Түүнээсээ та нар тахилч Ааронд ЭЗЭНий өргөлийг өгөх ажгуу.
29 Өөрсдийн бүх бэлгээс, тэдгээрийн хамгийн сайнаас нь, тэдгээрийн ариун хэсгээс нь та нар ЭЗЭНд өгөх ёстой өргөл бүрийг авчир” хэмээн хэл.
30 Чи тэдэнд “Түүнээсээ та нар хамгийн сайныг нь өргөөд үлдсэн нь левичүүдэд үтрэмийн бүтээгдэхүүн мэт, дарсны торхны бүтээгдэхүүн мэт тооцогдох болой.
31 Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол хурлын майхан дахь үйлчлэлийн чинь хариуд өгөх нөхөн төлбөр чинь билээ.
32 Та нар түүнээс хамгийн сайныг нь өргөсөн үед, үүний улмаас та нар ямар ч нүглийг үүрэхгүй болно. Харин та нар Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс та нар үхэх болно” гэж хэлэгтүн гэв.