Тооллого
Бүлэг 15
1 1. ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд “Миний та нарт өгч буй, та нарын амьдрах тэр нутагт орохдоо та нар
3 ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгохын тулд, онцгой тангаргийг гүйцээхээр, эсвэл сайн дурын өргөл болгон эсвэл өөрсдийн товлосон үеүдэд өргөх шатаалт тахил, өргөлийг өөрсдийн үхэр сүрэг, хонин сүргээс ЭЗЭНд галаар өргөгтүн.
4 Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир.
5 Шатаалт тахилтай хамт, эсвэл өргөлд зориулан, хурга бүрд хинийн дөрөвний нэг дарсыг ундаан өргөлд зориулан бэлд.
6 Эсвэл хуцанд зориулан хиний гуравны нэг тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурилыг идээн өргөл болгон бэлд.
7 Ундаан өргөлд зориулан хинийн гуравны нэг дарсыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.
8 Шатаалт тахил, эсвэл онцгой тангаргийг биелүүлэхээр өргөл болгон эсвэл ЭЗЭНд эвийн тахилуудад зориулан бухыг бэлтгэхдээ
9 та нар хагас хин тостой хольсон ефагийн аравны гурван сайн гурилан идээн өргөлийг бухтай хамт өргөх ёстой.
10 Ундаан өргөлд зориулан тахил болгон хагас хинийн хэмжээтэй дарсыг галаар өргөх өргөлөөр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон өргөгтүн.
11 Үхэр, хуц, эр хурга бүрд, ямаануудад тийнхүү хийгдэх болой.
12 Та нарын бэлдсэн тооны дагуу, тэдний тооны дагуу тус нэг бүрд нь чи тийнхүү хийгтүн.
13 ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх өргөлийг авчрахдаа уугуул нутгийнхан бүгдээрээ эдгээр зүйлсийг энэ маягаар хийх ёстой.
14 Хэрэв харийн хүн та нартай хамт түр сууж байвал, эсвэл үе удмыг чинь дамжин та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх тахилыг хийхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн хийх ёстой.
15 Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу.
16 Та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг хууль, зарлиг байх ёстой” гэж хэл гэв.
17 Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
18 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэл. “Би та нарыг аваачих тэр нутагт та нар орохдоо,
19 тэр нутгийн хүнсийг идэх үед та нар ЭЗЭНд өргөл өргөгтүн.
20 Зуурсан эхний гурилаасаа та нар өргөл болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн өргөл болгон өргө.
21 Зуурсан эхний гурилаасаа та нар үе уламжлан ЭЗЭНд өргөл өгөгтүн.
22 Харин та нар санамсаргүй алдах үед, ЭЗЭНий Мосед айлдсан эдгээр бүх тушаалуудыг сахилгүй,
23 түүгээр ч барахгүй ЭЗЭН тушаалаа өгсөн тэр өдрөөс хойших үе удмын туршид Мосегээр дамжуулан ЭЗЭНий та нарт тушаасан бүхнийг үл сахих аваас,
24 хэрэв үүнийг санамсаргүйгээр, чуулган мэдэлгүй үйлдсэн бол бүх чуулган нь шатаалт тахилд зориулан нэг бухыг ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон, зарлигийн дагуу идээн өргөл ба ундаан өргөлийнх нь хамт, мөн нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухныг өргөгтүн.
25 Дараа нь тахилч Израилийн хөвгүүдийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийх ба тэд уучлагдах болно. Учир нь энэ нь алдаа байсан ба тэд өөрсдийн өргөл, ЭЗЭНд галаар өргөх тахилыг болон алдааныхаа төлөө нүглийн төлөөх тахилыг авчирсан билээ.
26 Тийнхүү Израилийн хөвгүүдийн бүх чуулган нь тэдний дунд түр сууж буй харийн хүний хамт уучлагдах болно. Учир нь энэ нь алдааны улмаас бүх ард түмэнд тохиолдсон.
27 Мөн хэрэв нэг хүн санамсаргүйгээр нүгэл үйлдэх аваас тэрээр нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай эм ямааг өргөх ёстой.
28 Санамсаргүйгээр нүгэл үйлдсэнээрээ төөрөлдөж буй хүний төлөө тахилч ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийх ёстой. Тэр хүний төлөө эвлэрүүллийг хийснээр тэр уучлагдах болно.
29 Израилийн хөвгүүдийн дундах нутгийн уугуул хүнд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд та нар санамсаргүйгээр үйлдэгчийн төлөөх нэг хуультай байх ёстой.
30 Харин санаатайгаар үйлдэгч нь нутгийн уугуул хүн ч бай, эсвэл харийн хүн ч бай тэр нь ЭЗЭНийг доромжилж буй юм. Тэр хүн ард олныхоо дундаас таслагдах ёстой.
31 Тэр хүн ЭЗЭНий үгийг басамжлан, Түүний тушаалыг зөрчсөн тул түүнийг бүрмөсөн таслах ёстой. Түүний гэм буруу нь түүн дээр байх болно” хэмээв.
32 Израилийн хөвгүүд цөлд байх зуураа амралтын өдрөөр мод цуглуулж буй хүнийг олов.
33 Мод цуглуулж байхад нь түүнийг олсон хүмүүс түүнийг Мосе, Аарон болон бүх чуулган уруу авчрав.
34 Түүнийг яах ёстой нь мэдэгдээгүй байсан тул тэд түүнийг хорионд байлгав.
35 Дараа нь ЭЗЭН Мосед—Тэр хүн заавал үхэх ёстой. Бүх чуулган түүнийг хуарангийн гадна чулуугаар чулуудах ёстой хэмээн айлдав.
36 Тиймээс бүх чуулган түүнийг хуарангаас гарган, ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор түүн уруу үхтэл нь чулуу чулуудав.
37 ЭЗЭН бас Мосетэй ярин, айлдахдаа—
38 Израилийн хөвгүүдтэй ярин, тэдэнд үе уламжлан хувцасныхаа өнцгүүдэд цацгийг хийн, мөн өнцөг бүрийн цацаг дээр хөх уяа хийгтүн хэмээн хэл.
39 Энэ цацаг нь та нарт түүнийг харан ЭЗЭНий бүх тушаалыг санаж, тийнхүү үйлдэж, завхайрч байсан өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм.
40 Тэгснээр та нар Миний бүх тушаалыг хийхийг санах бөгөөд өөрсдийн Бурхандаа ариун байх билээ.
41 Та нарын Бурхан болохын тулд та нарыг Египетийн нутгаас авчирсан та нарын Бурхан ЭЗЭН бол Би болой. Би бол та нарын Бурхан ЭЗЭН билээ хэмээв.