Тооллого
Бүлэг 21
1 1. Негевд амьдарч байсан Арадын хаан, канаан хүн нь Израилийг Атаримын замаар ирж явааг сонсоод Израилийн эсрэг дайтаж, тэдний заримыг нь олзлов.
2 Тиймээс Израиль ЭЗЭНд андгайлан—Хэрэв Та үнэхээр энэ ард түмнийг миний гарт өгөх аваас би тэдний хотуудыг бүрмөсөн устгах болно гэв.
3 ЭЗЭН Израилийн дуу хоолойг сонсож, канаанчуудыг тэдэнд тушаав. Тэгээд израильчууд тэднийг болон хотуудыг нь бүрмөсөн устгав. Тийнхүү тэр газрын нэрийг Хорма гэх болжээ.
4 Дараа нь тэд Едомын нутгийг тойрон явахаар Улаан тэнгисийн замд буй Хор уулаас хөдөлсөн юм. Аяны улмаас ард түмэн тэвчээргүй болов.
5 Ард түмэн Бурханы болон Мосегийн эсрэг ярьж—Энэ цөл газарт үхүүлэхээр юунд чи биднийг Египетээс гарган авчрав? Учир нь энд талх ч алга, ус ч алга. Бид энэ заваан хүнсийг жигшиж байна гэцгээлээ.
6 ЭЗЭН ард түмний дунд галт могойнуудыг илгээхэд, тэд ард олныг хатгажээ. Ингэснээр Израилийн олон хүн үхэв.
7 Тиймээс ард түмэн Мосе уруу ирж—Бид ЭЗЭН болон таны эсрэг ярьснаас болж нүглийг үйлдэв. Биднээс могойнуудыг зайлуулахаар ЭЗЭНд зуучлан залбираач гэв. Мосе ард олны төлөө зуучлан залбирав.
8 Тэгтэл ЭЗЭН Мосед—Галт могой хийж, түүнийг шургаагны оройд байрлуулагтун. Тэгвэл хатгуулсан хүн бүр түүнийг хараад амьдрах болно гэв.
9 Мосе хүрэл могойг хийж, түүнийг шургаагны оройд байрлуулав. Хэрвээ хэн нэгэн хүнийг могой хатгасан байвал, тэр хүн хүрэл могойг хараад амьдарч байлаа.
10 Ингээд Израилийн хөвгүүд нүүж Оботод буудаллав.
11 Тэд Оботоос аялан явж, зүүн зүгт Моабын харалдаа орших цөл дэх Иеабаримд буудаллав.
12 Тэндээс тэд хөдөлж, Вади-Зередэд буудаллаа.
13 Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.
14 Тиймээс ч үүнийг ЭЗЭНий Дайны Номд“Суфа дахь Вахеб ба Арноны Вадис,
15 Арын талбай уруу сунан,Моабын хил хязгаарыг түшсэн Вадисын хормой”хэмээсэн байдаг.
16 Тэндээс тэд ЭЗЭНий Мосед “Ард олныг цуглуулагтун. Би тэдэнд ус өгье” хэмээн айлдсан худаг болох Беер уруу явав.
17 Дараа нь Израиль энэхүү дууг дууллаа.—Оргилогтун, худаг аа! Түүнд дуулагтун.
18 Удирдагчдын малтаж,ард олны язгууртнуудын очирт таягаар болонтэдний таягуудаар ухсан худаг.Цөлөөс тэд Маттана уруу
19 Маттанагаас Нахалиел уруу, Нахалиелаас Бамот уруу,
20 Бамотаас зэлүүд нутаг уруу харсан Писгагийн өндөрлөг дээр орших Моабын нутаг дахь хөндий уруу явав.
21 Дараа нь Израиль аморичуудын хаан Сихонд элч нарыг илгээн,—
22 Танай нутгаар намайг дамжин өнгөрүүлээч. Бид тариан талбай, эсвэл усан үзмийн цэцэрлэг уруу хазайхгүй. Бид худгуудаас ус уухгүй. Бид танай нутгийн хилээр өнгөртөл хааны их замаар л явах болно гэлээ.
23 Гэвч Сихон нь өөрийн хилээр дамжин өнгөрөхийг Израильд зөвшөөрсөнгүй. Тэгээд Сихон өөрийн бүх ард түмнийг цуглуулан, цөлд Израилийг эсэргүүцэхээр гарч, Иахаз уруу ирж Израилийн эсрэг дайтав.
24 Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.
25 Израиль тэдгээр бүх хотуудыг авсан бөгөөд аморичуудын бүх хотуудад, Хешбон болон түүний бүх тосгодод Израиль амьдрав.
26 Учир нь Хешбон нь аморичуудын хаан Сихоны хот байлаа. Тэрээр Моабын өмнөх хааны эсрэг дайтан, Арнон хүртэлх түүний бүх нутгийг гараас нь авчээ.
27 Тиймээс зүйр үгээр яригсад нь“Хешбонд ирэгтүн.Тэр нь босгогдог!Сихоны хот нь байгуулагдаг.
28 Учир нь Хешбоноос гал,Сихоны хотоос дөл гарчээ.Тэр нь Моабын Арыг,Арноны ноёрхогч өндөрлөгүүдийг цөлмөв.
29 Моаб аа, чамд гай ирэг!Хемошийн ард олон оо, та нар сүйрсэн байна!Тэрээр Аморийн хаан Сихонд өөрийн хөвгүүдийг оргодол мэт өгч,өөрийн охидыг олзлуулав.
30 Гэвч бид тэднийг доош хаяж,Хешбон нь Дибоныг хүртэл сүйрэв.Дараа нь бид Медеба хүртэл тэлсэн Нофаг хүртэл бут ниргэв”гэдэг.
31 Ийнхүү Израиль нь аморичуудын нутагт амьдрав.
32 Иазерыг тагнахаар Мосе хүн илгээжээ. Тэд тосгодыг нь эзэлж, тэнд байсан аморичуудыг хөөв.
33 Дараа нь тэд эргэж, Башаны замаар өгсөв. Башаны хаан Ог Едреид дайтахаар өөрийн бүх ард түмэнтэй хамт гарав.
34 Гэвч ЭЗЭН Мосед—Түүнээс бүү ай. Учир нь түүнийг болон түүний бүх ард түмнийг, түүний нутгийг Би чиний гарт өгсөн. Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихонд үйлдсэний адил чи түүнд үйлдэгтүн гэж айлдав.
35 Тиймээс тэд түүнийг болон хөвгүүдийг нь, бүх ард түмнийг нь ганц ч хүн үлдэхгүй болтол нь хядаж, нутгийг нь эзэмшив.