Хаадын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25


-Reset+

Бүлэг 8

1 1. Хүүг нь амь оруулсан тэр нэгэн эмэгтэйд Елиша хандан,—Босож, гэр бүлийнхэнтэйгээ явж, түр оршин сууж болох газарт түр оршин суу. Учир нь ЭЗЭН өлсгөлөнг дуудсан бөгөөд тэр нь уг нутагт долоон жилийн турш байхаар ирнэ гэв.
2 Ийнхүү мөнөөх эмэгтэй босож, Бурханы хүний үгийн дагуу үйлдэж, гэр бүлийнхэнтэйгээ явж, долоон жилийн турш филистчүүдийн нутагт түр амьдрав.
3 Долоон жилийн эцэст мөнөөх эмэгтэй филистчүүдийн нутгаас буцаж ирэв. Тэр өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар явжээ.
4 Хаан—Елишагийн үйлдсэн бүх агуу зүйлсийг надад ярьж өгөөч хэмээн Бурханы хүний зарц Гехазитай ярьж байв.
5 Үхсэн нэгнийг Елиша хэрхэн амь оруулсан тухай хаанд ярьж байх үед нь, үзэгтүн, хүүг нь амь оруулсан тэрхүү эмэгтэй өөрийн гэр, өөрийн талбайн талаар хаанд хүсэлт гаргахаар иржээ. Гехази—Эзэн хаан минь, энэ чинь өнөөх эмэгтэй бөгөөд энэ чинь Елишагийн амь оруулсан, түүний хүү байна гэв.
6 Хаан эмэгтэйгээс асуухад тэр түүнд ярьж өглөө. Тиймээс хаан тэр эмэгтэйн төлөө нэгэн түшмэлийг томилон,—Энэ эмэгтэйнх байсан гэсэн бүхнийг болон нутгаа орхин явсан тэр өдрөөс нь өнөөг хүртэл талбайгаас гарсан бүх бүтээгдэхүүнийг буцаан өгөгтүн хэмээв.
7 Дараа нь Елиша Дамаскт ирэв. Арамын хаан Бен-хадад өвчтэй байсан бөгөөд түүнд—Бурханы хүн энд ирээд байна гэж мэдэгджээ.
8 Хаан Хазаелд хандан—Гартаа бэлэг авч, Бурханы хүнтэй уулзахаар явж, түүгээр дамжуулан ЭЗЭНээс “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж асуулга гэв.
9 Ингээд Хазаел түүнтэй уулзахаар явж, дөчин тэмээн ачаа болох Дамаскийн бүх төрлийн сайн зүйлээс гартаа бэлэг авчээ. Тэр ирээд, түүний өмнө зогсон,—Таны хүү Арамын хаан Бенхадад намайг тан уруу илгээн, “Энэ өвчнөөс би ангижрах болов уу?” гэж хэлүүлсэн юм гэжээ.
10 Тэгэхэд Елиша түүнд—Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.
11 Тэрээр Хазаелыг ичтэл гөлрөн ширтжээ. Тэгээд Бурханы хүн уйлав.
12 Хазаел—Миний эзэн юунд уйлна вэ? гэж асуусанд Елиша—Учир нь Израилийн хөвгүүдэд чиний хийх бузар мууг би мэдэж байна. Тэдний бэхлэлтүүдийг чи галдаж, залуусыг нь илдээр хороон, нялхсыг нь хэмх бяцалж, жирэмсэн эмэгтэйчүүдийнх нь гэдсийг сийчих болно гэж хариулав.
13 Тэгэхэд Хазаел—Гэвч таны зарц тийм агуу зүйлийг хийдэг нохой юм уу? гэсэнд Елиша—Чамайг Арамын хаан болно гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэж хариулав.
14 Ингээд тэр Елишаг орхин, эзэн уруугаа буцан ирсэн бөгөөд Бен-хадад түүнээс—Елиша чамд юу гэж хэлэв? гэсэнд тэрээр—Таныг заавал эдгэрнэ гэж тэр надад хэлсэн юм хэмээн хариуллаа.
15 Дараагийн өдөр нь тэрээр ширүүн алчуур аваад, усанд дүрж, Бен-хададын нүүрэн дээр дэлгэсэнд тэр үхжээ. Хазаел түүний оронд хаан болов.
16 Израилийн хаан Ахабын хүү Иорамын тав дахь жилд Иехошафат Иудагийн хаан байсан бөгөөд Иудагийн хаан Иехошафатын хүү Иехорам хаан болжээ.
17 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.
18 Тэрээр Ахабын гэрийн үйлдсэнтэй адил Израилийн хаадын замаар явав. Учир нь Ахабын охин түүний эхнэр болжээ. Тэрээр ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.
19 Харин Өөрийн зарц Давидын төлөө хөвгүүдээр нь дамжуулан түүнд дэнлүүг үргэлж өгнө гэж Давидад Өөрөө нэгэнт амласан тул Иудаг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.
20 Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан бий болгожээ.
21 Тэгэхэд Иорам ба түүнтэй хамт бүх тэрэгнүүд нь Заир уруу гатлан гарлаа. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлсэн байсан едомчуудыг цохисон боловч цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов.
22 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.
23 Иорамын бусад үйлс болон түүний үйлдсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
24 Иорам эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдав. Түүний хүү Ахазиа оронд нь хаан болжээ.
25 Израилийн хаан Ахабын хүү Иорамын арван хоёр дахь жилд Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа хаанчилж эхлэв.
26 Ахазиа хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд нэг жил хаанчлав. Түүний эхийг Израилийн хаан Омрийн ач охин Аталиа гэдэг байв.
27 Ахазиа Ахабын гэрийн хүргэн байсан тул Ахабын гэрийнхний замаар замнан, Ахабын гэрийн адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
28 Дараа нь тэрээр Ахабын хүү Иорамтай хамт Рамот-гилеадад Арамын хаан Хазаелын эсрэг тулалдахаар явсан бөгөөд арамейчууд Иорамыг шархдуулжээ.
29 Иймээс Арамын хаан Хазаелын эсрэг тулалдаж байхад нь Рамад арамейчуудын өөрт нь учруулсан шархыг эдгээхээр Иорам Хаан Иезреел уруу буцав. Тэгээд Ахабын хүү Иорам өвчтэй байсан тул Иудагийн хаан Иехорамын хүү Ахазиа Иезреелд түүнтэй уулзахаар явжээ.