Хаадын Дэд
Бүлэг 19
1 1. Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн, ЭЗЭНий өргөөнд оров.
2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын настангуудын хамт таар нөмөргөн, Амозын хүү эш үзүүлэгч Исаиа уруу илгээв.
3 Тэд Исаиад—Хезекиа ингэж хэлэв “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.
4 Амьд Бурханыг доромжлохоор өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонсох биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз. Тиймээс үлдсэн амьд хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” хэмээв гэжээ.
5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа уруу ирэв.
6 Исаиа тэдэнд—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН ийн айлдаж байна «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэдгээр үгсээс болж бүү айгтун.
7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод өөрийн нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана» хэмээв” гээрэй гэж хэлжээ.
8 Дараа нь Рабшаке буцаж ирээд, Ассирийн хаанд Лахишийг орхисныг сонсоод, түүнийг Либнагийн эсрэг дайтаж байхад нь олов.
9 Мөн Кушийн хаан Тирхакагийн тухайд—Үзэгтүн, тэр өөрийн чинь эсрэг дайтахаар хөдөлсөн гэхийг сонсоод, тэр Хезекиад элч нарыг илгээж,—
10 Иудагийн хаан Хезекиад та нар ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Иерусалим Ассирийн хааны гарт өгөгдөхгүй» хэмээн чамайг бүү мэхлэг.
11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газруудыг бүрэн устгаж, юу хийснийг нь чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү?
12 Гозан, Харан, Резеф мөн Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгахад, тэр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу?
13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваим хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гээрэй гэв.
14 Тэгээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө уруу явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв.
15 Хезекиа ЭЗЭНий өмнө залбиран,—Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан болох ЭЗЭН, Та бол дэлхий дээрх бүх хаанчлалуудын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн билээ.
16 ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмий талбин хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн үгсийг сонсооч.
17 ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр үндэстнүүдийг болон тэдний газар нутгийг сүйтгээд,
18 тэдний бурхдыг галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод, чулуу байв. Тиймээс тэд устсан билээ.
19 Бидний Бурхан ЭЗЭН, дэлхийн бүх хаанчлалуудад, ЭЗЭН, Та бол цорын ганц Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд одоо биднийг түүний гараас авраач гэж би залбирч байна гэв.
20 Тэгээд Амозын хүү Исаиа Хезекиад илгээн,—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас Би чамайг сонслоо” гэв.
21 Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм.“Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв.Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.
22 Чи хэнийг басамжлан, доромжилсон бэ?Чи хэний эсрэг дуугаа өндөрсгөн, ихэмсгээр нүдээ өргөв?Израилийн Ариун Нэгэний эсрэг!
23 Чи элч нараараа дамжуулан Эзэнийг доромжилж,«Би өөрийн олон тэргээр уулсын өндөрлөгүүдэд,Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.Би тэндхийн өндөр хуш, шилмэл нарс моддыг тас цавчлаа.Би түүний хамгийн өндөр оргил, хамгийн өтгөн ойд нэвтрэн орсон билээ.
24 Би малтаж, харийн ус ууж,хөлийнхөө улаар Египетийн бүх голыг хатаасан билээ» гэжээ.
25 Чи сонсоогүй юм уу?Би үүнийг өнө эртнээс төлөвлөж,дээр үед хийсэн юм.Чамаар бэхлэгдсэн хотуудыг нуранги балгас болгон эргүүлэхийн тулдодоо Би үүнийг биелүүлэхээр авчирлаа.
26 Ийм учраас тэдний оршин суугчид чадал дутаж,айн түгшиж, ичгүүрт орсон.Тэд хээр талын өвс, ногоо шиг,байшингийн орой дээрх ургаж нахиалахаасаа өмнө хатдаг өвс мэт болов.
27 Гэвч Би чиний суух, гарах, орохыг болонМиний эсрэг уурлахыг чинь ч мэднэ.
28 Чи миний эсрэг уурлаж,чиний дээрэлхүү зан Миний чихэнд хүрсэн учраасБи Өөрийн дөрийг чиний хамарт зүүж,амыг чинь хазаарлаж,ирсэн замаар чинь чамайг буцаана.
29 Тэгээд энэ нь чамд тэмдэг болно. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, гурав дахь жил нь тарьж хураан, усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг идэх болой.
30 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн, дээгүүрээ үр жимс гаргах болно.
31 Учир нь Иерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ.
32 Тийм учраас Ассирийн хааны талаар ЭЗЭН ингэж айлдаж байна «Тэр энэ хот уруу ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй.
33 Тэр ирсэн замаараа буцах болно. Тэр энэ хот уруу ирэхгүй» гэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
34 “Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно” гэв гэж хэлжээ.
35 Тэр шөнө нь ЭЗЭНий тэнгэр элч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод хартал, тэд бүгд үхэцгээсэн байжээ.
36 Ингээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.
37 Түүнийг өөрийн Нисрох бурхны дугандаа мөргөл үйлдэж байхад нь Адраммелех, Шарезер нар түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг уруу зугтав. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.