Хаадын Дэд
Бүлэг 14
1 1. Израилийн хаан Иоахазын хүү Иоашийн хоёр дахь жилд Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа хаан болов.
2 Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд хорин есөн жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын Иехоаддин гэдэг байв.
3 Тэр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн боловч өвөг эцэг Давид шиг байсангүй. Тэрээр өөрийн эцэг Иоашийн хийсэн бүгдийг дуурайв.
4 Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдаагүй юм. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар л байв.
5 Хаанчлал түүний гарт чанга атгаастай болмогц тэрээр хаан эцгийг нь хороосон зарц нараа цаазлав.
6 Харин Мосегийн хуулийн номд бичигдсэний дагуу ЭЗЭН “Хөвгүүдээс болж эцгүүдийг нь алж болохгүй, мөн эцгүүдээс болж хөвгүүдийг нь ч алж болохгүй. Харин хүн бүр өөрийнхөө нүглийн төлөө л алагдах болой” гэж тушаасанчлан тэрхүү алуурчдын хөвгүүдийг тэрээр цаазалсангүй.
7 Тэрээр Давст Хөндийд арван мянган едомчуудыг алаад, Селаг дайтан эзэлж, түүнийг энэ өдрийг хүртэл Иоктеел хэмээн нэрлэв.
8 Дараа нь Амазиа Иехүгийн ач Иехоахазын хүү Израилийн хаан Иехоашт элч нарыг илгээн,—Ирэгтүн, нүүр нүүрээрээ тулъя хэмээв.
9 Израилийн хаан Иехоаш Иудагийн хаан Амазиад хүн илгээн—Ливанд байсан өргөст бут Ливанд байсан хуш модонд элч илгээн “Охиноо миний хүүд өгч, гэрлүүлээч” гэжээ. Гэвч Ливанд байсан зэрлэг араатан түүгээр өнгөрөн явж, өргөст бутыг гишгэн дэвсэлжээ.
10 Чи үнэхээр Едомыг ялсан бөгөөд чиний зүрх бардам болжээ. Сүр жавхландаа баясан, гэртээ байгтун. Чи өөрийгөө болон өөртэйгөө хамт Иудаг унагах гэж юунд төвөг удна вэ? хэмээв.
11 Гэвч Амазиа сонссонгүй. Ингээд Израилийн хаан Иехоаш хөдөлжээ. Тэр болон Иудагийн хаан Амазиа Иудад харьяалагддаг Бет-шемешт нүүр нүүрээрээ тулгарав.
12 Иуда Израильд ялагдан тэдний хүн бүр өөр өөрийн майхан уруугаа зугтаажээ.
13 Тэгээд Израилийн хаан Иехоаш Ахазиагийн ач, Иехоашийн хүү Иудагийн хаан Амазиаг Бет-шемешт олзлон аваад, Иерусалимд ирж, Иерусалимын хэрмийг Ефраимын Дааман Хаалганаас Булангийн Дааман Хаалга хүртэл буюу дөрвөн зуун тохой газрыг нураав.
14 Тэрээр ЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн сангуудаас олдсон бүх алт, мөнгө болон бүх сав суулгыг, мөн хүмүүсийг олзлон авч, Самари уруу буцжээ.
15 Иехоашийн хийсэн бусад үйлс, түүний хүч чадал хийгээд тэрээр Иудагийн хаан Амазиатай хэрхэн тулалдсан тухай Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
16 Ингээд Иехоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Израилийн хаадын хамт Самарид оршуулагдсан юм. Түүний хүү Иеробоам түүний оронд хаан болов.
17 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиа Израилийн хаан Иехоахазын хүү Иехоашийг нас барсны дараа арван таван жил амьдрав.
18 Амазиагийн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
19 Иерусалимд хүмүүс түүний эсрэг хуйвалдсанд тэрээр Лахиш уруу зугтав. Гэвч тэд Лахиш уруу түүний араас хүн илгээн, түүнийг тэнд алжээ.
20 Тэгээд тэд шарилыг нь морин дээр авчирч, тэрээр Иерусалимд эцэг өвгөдийнхөө хамт Давидын хотод оршуулагдсан юм.
21 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай Азариаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилсөн билээ.
22 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елатыг босгон, Иудад нэгтгэв.
23 Иудагийн хаан Иоашийн хүү Амазиагийн арван тав дахь жилд Израилийн хаан Иоашийн хүү Иеробоам Самарид хаан болж, дөчин нэгэн жил захирав.
24 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Тэрээр Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс холдож зайлсангүй.
25 Өөрийн зарц, Гат-хеферт байсан, Амиттаин хүү эш үзүүлэгч Ионагаар дамжуулан айлдсан Израилийн Бурхан ЭЗЭНий үгийн дагуу тэрээр Израилийн хилийг Хаматын хоолойноос Арабын далай хүртэл сэргээн тогтоосон юм.
26 Учир нь Израилийн маш гашуун зовлон шаналлыг ЭЗЭН харжээ. Учир нь боол ч, чөлөөт хүн ч, Израильд туслах нэг ч хүн тэнд байхгүй болсон юм.
27 Израилийн нэрийг тэнгэрийн доороос арчин хаяна гэж ЭЗЭН айлдсангүй, харин Иоашийн хүү Иоробоамын гараар Тэр тэднийг аварсан болой.
28 Иеробоамын бусад үйлс, түүний үйлдсэн бүхэн, түүний хүч чадал болон тэрээр хэрхэн дайтаж, Иудад Дамаск ба Хаматыг Израилийн төлөө эргүүлэн авсан зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
29 Иеробоам өөрийн эцэг өвгөд болох Израилийн хаадтай хамт нойрссон бөгөөд түүний хүү Зехариа түүний оронд хаан болжээ.