Хаадын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25


-Reset+

Бүлэг 24

1 1. Түүний өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг босов.
2 ЭЗЭН түүний эсрэг халдеичуудын, арамейчуудын, моабчуудын болон аммончуудын бүлэглэлүүдийг илгээв. Ийнхүү Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан Түүний айлдсан ЭЗЭНий үгийн дагуу Иудаг устгахын тулд түүний эсрэг Тэрээр тэднийг илгээсэн юм.
3 Манассегийн үйлдсэн бүхний дагуу түүний нүглүүдээс болж ЭЗЭНий мэлмийнээс зайлуулагдах нь Иудагийн дээр ЭЗЭНий тушаалаар биеллээ олсон юм.
4 Энэ нь бас түүний урсгасан гэмгүй цусны төлөө байв. Учир нь тэрээр Иерусалимыг гэмгүй цусаар дүүргэсэн юм. Үүнийг ЭЗЭН уучлахгүй байсан билээ.
5 Иехоиакимын бусад үйлс болон түүний хийсэн бүгд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
6 Ингээд Иехоиаким эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд түүний хүү Иехоиахин түүний оронд хаан болжээ.
7 Египетийн голоос Евфрат мөрөн хүртэлх Египетийн хаанд харьяалагдаж байсан бүхнийг Вавилоны хаан эзлэн авсан учир Египетийн хаан өөрийн нутгаас гадагш дахин гараагүй.
8 Иехоиахин хаан болохдоо арван найман настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд гурван сар хаанчлав. Түүний эхийг Иерусалимын Елнатаны охин Нехушта гэдэг байв.
9 Иехоиахин эцэг өвгөдийнхөө үйлдсэн бүхнийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
10 Тэр үед Вавилоны хаан Небухаднезарын боолууд Иерусалим уруу довтлон ирж, хотыг бүслэв.
11 Боолууд нь хотыг бүсэлсэн байх хооронд Вавилоны хаан Небухаднезар хүрч ирэв.
12 Иудагийн хаан Иехоиахин өөрөө болон түүний эх, зарц нар, ахмадууд, түшмэдийнхээ хамт Вавилоны хаан уруу гарч очив. Ингээд Вавилоны хаан түүнийг хаанчлалынхаа найм дахь жилд олзлон авав.
13 Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.
14 Тэгээд тэрээр бүх Иерусалимыг болон бүх ахмадууд, бүх хүчирхэг зоригт эрсийг буюу арван мянган олзлогсдыг, мөн бүх гар урчууд ба дархчуудыг цөллөг уруу авч явжээ. Нутгийн үгээгүй ядуу хүмүүсээс өөр ямар ч хүн үлдсэнгүй.
15 Ийнхүү тэрээр Иехоиахиныг Вавилон уруу цөллөгт аваачив. Мөн хааны эх, хааны эхнэрүүд, түүний түшмэд болон тэр газрын удирдагч хүмүүсийг тэрээр Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явжээ.
16 Бүх баатар эрс долоон мянган хүн, гар урчууд ба дархчууд мянган хүн, бүгд дайнд шалгарсан хүчтэнүүд байсан бөгөөд тэднийг Вавилоны хаан Вавилон уруу цөллөгт аваачжээ.
17 Тэгээд Вавилоны хаан, Иехоиахины авга ах Маттаниаг түүний оронд хаан болгож, нэрийг нь Зедекиа болгон өөрчлөв.
18 Зедекиа хаан болохдоо хорин нэгэн настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд арван нэгэн жил хаанчлав. Түүний эхийг Либнагийн Иеремиагийн охин Хамутал гэдэг байв.
19 Тэрээр Иехоиакимын үйлдсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
20 ЭЗЭН тэднийг Өөрийн оршихуйгаас хөөх хүртэл Түүний уур хилэнгээр дамжуулан Иерусалим ба Иудад энэ нь биелжээ. Зедекиа Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.