Хаадын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25


-Reset+

Бүлэг 4

1 1. Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран,—Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.
2 Елиша түүнд—Чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч? гэв. Тэр эмэгтэй—Таны шивэгчинд нэг ваар тосноос өөр юу ч байхгүй хэмээв.
3 Тэгэхэд нь Елиша—Явж, бүх хөршүүдээсээ олон сав суулгыг буюу хоосон сав суулгыг зээлж авагтун. Битгий цөөхөн сав аваарай.
4 Чи дотогш орж, өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хааж, эдгээр бүх савнууддаа цутган хийж, дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв.
5 Ингээд тэр эмэгтэй Елишаг орхин явж, өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч, тэрээр цутган хийж байлаа.
6 Савнууд дүүрэхэд тэрээр хүүдээ хандан—Надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүү нь түүнд—Өөр сав алга гэв. Тос ч гарахаа болилоо.
7 Дараа нь тэр эмэгтэй ирж, Бурханы хүнд хэлсэн юм. Тэрээр—Явж, тосоо зараад, өрөө төлж, үлдсэнээр нь чи болон хөвгүүд чинь амьдарч болно гэв.
8 Нэгэн өдөр Елиша Шунем уруу явжээ. Тэнд нэгэн алдар нэртэй эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун хэмээн ятгажээ. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.
9 Тэр эмэгтэй нөхөртөө—Үзэгтүн, манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэр хүн бол Бурханы ариун хүн гэдгийг би мэдэж байна.
10 Ханатай дээд талын жижиг өрөө хийж, тэнд түүнд зориулан ор, ширээ, сандал, дэнлүүний суурь тавья. Тэр ирэхдээ тэнд орж байг гэв.
11 Нэгэн өдөр Елиша тэнд ирээд, дээд өрөөнд орж, амрав.
12 Тэгээд тэр өөрийн зарц Гехазид хандан—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Елишагийн өмнө зогсов.
13 Елиша Гехазид—Түүнд хэлэхдээ “Үзэгтүн, энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чиний төлөө юу хийх вэ? Чиний төлөө хаан, эсвэл цэргийн жанжинд ярих уу?” гээрэй гэв. Эмэгтэй хариулан—Би өөрийн ард түмний дунд амьдардаг гэжээ.
14 Иймээс Елиша—Тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ? гэсэнд Гехази—Үнэндээ энэ эмэгтэй хүүхэдгүй бөгөөд түүний нөхөр нь хөгшин билээ гэв.
15 Тэрээр—Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов.
16 Тэгэхэд Елиша—Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй—Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв.
17 Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.
18 Хүүхэд өссөн хойноо нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив.
19 Тэрээр эцэгтээ—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.
20 Зарц түүнийг эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад нас баржээ.
21 Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаагаад, гарав.
22 Тэгээд тэр нөхрөө дуудаад,—Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв.
23 Нөхөр нь—Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь—Зүгээр гэж хариуллаа.
24 Тэгээд тэр эмэгтэй илжгээ эмээллэн, зарцдаа хандан—Жолоодон, урагш яв. Би чамд хэлэхээс нааш миний төлөө хурдаа битгий сааруулаарай гэв.
25 Ингээд өнөөх эмэгтэй явж, Кармел ууланд Бурханы хүн уруу ирлээ. Бурханы хүн тэр эмэгтэйг холоос хараад, өөрийн зарц Гехазид—Хараач, тэнд өнөөх шунем эмэгтэй явна.
26 Түүнтэй уулзахаар гүйж очоод, түүнээс “Чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу?” гэж асуугтун гэв. Эмэгтэй хариулахдаа—Сайн гэж хэлэв.
27 Эмэгтэй толгод уруу Бурханы хүн уруу ирээд, хөлөөс нь зуурч авав. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин Бурханы хүн—Түүнийг орхи, учир нь түүний сэтгэл дотор нь шаналж байна. ЭЗЭН үүнийг нь надаас нууцлан, надад хэлсэнгүй гэв.
28 Тэгтэл эмэгтэй—Би эзэнээсээ хүү гуйсан уу? Би “Намайг битгий хуураач” гэж хэлээгүй гэж үү? хэмээн хэллээ.
29 Тэгэхэд Елиша Гехазид—Ууцаараа бүсэлж, миний таягийг гартаа аваад, замаараа яв. Хэрэв чи хэн нэгэн хүнтэй дайралдвал түүнтэй бүү мэндлэгтүн. Хэрэв хэн нэгэн хүн чамтай мэндэлбэл түүнд хариу бүү өг. Миний таягийг хөвгүүний нүүрэн дээр тавигтун гэв.
30 Хөвгүүний эх нь—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхин явахгүй гэв. Елиша босоод, тэр эмэгтэйг дагав.
31 Гехази тэднээс түрүүлэн явж, хөвгүүний нүүрэн дээр таягийг тавьсан боловч дуу чимээ ч, хариу ч байсангүй. Иймээс Гехази Елишатай уулзахаар буцаж ирээд, түүнд—Хүү сэргэсэнгүй гэв.
32 Елишаг гэрт орж ирэхэд, харагтун хүү үхсэн байсан бөгөөд орон дээр нь хэвтсэн байлаа.
33 Ингээд тэр дотогш ороод, хоёулангийнх нь араас хаалгаа хаагаад, ЭЗЭНд залбирав.
34 Тэрээр дээшээ очиж, хүүхдийн дээр хэвтэн, амаа хүүгийн аманд, нүдээ хүүгийн нүдэнд, гараа хүүгийн гар дээр тавьж, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүүхдийн бие махбод бүлээн болов.
35 Дараа нь Елиша буцаад, гэр дотор нааш цаашаа нэг удаа алхаж, дээшээ гарч, хүүгийн дээр сунан хэвтэв. Хүү долоон удаа найтаагаад, нүдээ нээв.
36 Елиша Гехазийг дуудаад,—Тэр шунем эмэгтэйг дууд гэв. Тэрээр тэр эмэгтэйг дуудлаа. Эмэгтэйг түүн дээр орж ирэхэд Елиша—Хүүгээ ав гэж хэлэв.
37 Тэгтэл эмэгтэй дотогш орж, түүний хөлд унан, газарт тултал мэхийгээд, хүүгээ аваад, гарч явлаа.
38 Елишаг Гилгал уруу буцаж ирэхэд газар нутагт өлсгөлөн байв. Эш үзүүлэгчдийн хөвгүүд түүний өмнө сууцгааж байхад тэрээр зарцдаа—Том тогоо тавьж, эш үзүүлэгчдийн хөвгүүдэд зориулан шөл буцалга гэж хэлэв.
39 Тэгтэл нэг нь ногоо цуглуулахаар талбай уруу гарч, зэрлэг ороонго ургамал олоод, түүнээс хормойгоо дүүртэл зэрлэг хулуу цуглуулан, буцаж ирээд, тэдгээрийг шөлтэй тогоондоо хэрчиж хийв. Учир нь тэд мэдээгүй ажээ.
40 Ингээд тэд хүмүүст идүүлэхээр аягалав. Тэд шөлнөөс идэж байтал хашхиран,—Бурханы хүн ээ, тогоон дотор үхэл байна гэцгээлээ. Тэд идэж чадахгүй байв.
41 Харин Елиша—Гурил аваад ир гээд түүнийг тогоонд хийгээд,—Хүмүүст аягалж өг, тэд идэцгээг гэж хэлэв. Тэгтэл тогоонд ямар ч хор байхгүй болсон байлаа.
42 Нэгэн хүн Баал-шалишагаас ирж, Бурханы хүнд ургацынхаа дээжээс талхыг, арвайн хорин талх болон тарианы шинэхэн түрүүг сагсандаа авч иржээ. Елиша—Хүмүүст өг, тэд идэцгээг хэмээв.
43 Зарц нь—Юу, би үүнийг зуун хүний өмнө тавих гэж үү? гэв. Харин Елиша—Хүмүүст өг, тэд идэцгээг. Учир нь ЭЗЭН айлдахдаа “Тэд идэцгээж, илүү гарна” хэмээж байна гэв.
44 Ингээд тэр тэдний өмнө тавихад, ЭЗЭНий үгийн дагуу тэд идэцгээж, илүү гарсан ажээ.