Хаадын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25


-Reset+

Бүлэг 21

1 1. Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв.
2 Тэрээр Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн бузрын дагуу ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлджээ.
3 Тэр өөрийн эцэг Хезекиагийн нураан хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын хийсэн шиг Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж, бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв.
4 Тэрээр ЭЗЭНий өргөө дотор тахилын ширээнүүд босгов.Энэ өргөөний талаар “Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭН айлдсан юм.
5 Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов.
6 Тэр өөрийн хөвгүүнийг гал дундуур явуулан, ид шидийг үйлдэж, мэргэ төлөг ашиглан, сүнс дуудагчид болон хар домч нартай холбогджээ. ЭЗЭНий мэлмийд үлэмж их бузар мууг үйлдсэнээрээ тэрээр ЭЗЭНийг уурлахад хүргэжээ.
7 Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөө дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давидад болон түүний хүү Соломонд ЭЗЭН айлдахдаа—Би Израилийн бүх овгуудаас сонгосон энэ өргөө болон Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.
8 Хэрвээ тэд Миний тушаасан болгоны дагуу, мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэж байвал Би тэдний эцэг өвгөдөд өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ.
9 Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр бузар мууг хийлгүүлэн Манассе тэднийг уруу татсан юм.
10 ЭЗЭН Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа—
11 Иудагийн хаан Манассе өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр бузар мууг үйлдэн эдгээр бузар юмыг хийж, өөрийн шүтээнүүдээр Иудагаар нүгэл үйлдүүлсэн учраас
12 Израилийн Бурхан, ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч бай хоёр чих нь хангинах болно.
13 Би Иерусалимын дээгүүр Самарийн олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Хүн тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно.
14 Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, тэднийг дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайснууддаа олз омог болно.
15 Учир нь тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс эхлээд энэ өдрийг хүртэл тэд Миний мэлмийд бузар мууг үйлдэж, Намайг уурлахад хүргэж байсан юм” хэмээв гэжээ.
16 Манассе ЭЗЭНий мэлмийд бузар мууг хийж, Иудагаар нүгэл үйлдүүлсэн тэр нүглээс гадна гэмгүй цусыг үлэмж их урсган, Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ.
17 Манассегийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
18 Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг болох Уззагийн цэцэрлэгт оршуулагджээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.
19 Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв.
20 Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.
21 Учир нь тэр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ.
22 Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартан, ЭЗЭНий замаар явсангүй.
23 Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав.
24 Дараа нь тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдсан бүх хүнийг алж, түүний оронд түүний хүү Иосиаг хаанаар өргөмжилжээ.
25 Амоны хийсэн бусад үйлс Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
26 Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн булшинд оршуулагджээ. Түүний хүү Иосиа түүний оронд хаан болсон юм.