Хаадын Дэд
Бүлэг 13
1 1. Ахазиагийн хүү Иудагийн хаан Иоашийн хорин гурав дахь жилд Иехүгийн хүү Иехоахаз Самарид Израилийн хаан болж, арван долоон жил захирчээ.
2 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдсэн бөгөөд Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын нүглийг дагав. Тэрээр тэдгээрээс эргэсэнгүй.
3 Тиймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн эсрэг шатаж, Тэр тэднийг Арамын хаан Хазаелын гарт үргэлж өгч, мөн Хазаелын хүү Бен-хададын гарт тушаасаар байв.
4 Тэгэхэд Иехоахаз ЭЗЭНий тааллыг хүсэмжлэн гуйсанд ЭЗЭН түүнийг сонсов. Арамын хаан тэднийг хэрхэн дарлаж байгааг болон Израилийн зовлон шаналлыг Тэр харжээ.
5 ЭЗЭН Израильд чөлөөлөгчийг илгээсэнд тэд арамейчуудын гараас мултран гарчээ. Израилийн хөвгүүд урьдын адил өөрсдийн майхнууд дотор амьдарсан юм.
6 Хэдий тийм боловч тэд Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын гэрийн нүглүүдээс эргэсэнгүй, харин тэдгээрийн дотор явсан юм. Ашера ч Самарид хэвээрээ үлдэв.
7 Арамын хаан Иехоахазын цэргийг устган, үтрэмийн тоос шороо мэт болгож орхисон тул тэдэнд ердөө л тавин морьтон, арван тэрэг болон арван мянган явган цэрэг л үлджээ.
8 Иехоахазын бусад үйлс, түүний хийсэн бүх юм болон түүний хүч чадал Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
9 Иехоахаз эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Самарид оршуулав. Түүний хүү Иоаш түүний оронд хаан болов.
10 Иудагийн хаан Иоашийн гучин долоо дахь жилд Иехоахазын хүү Иехоаш Самарид Израилийн хаан болж, арван зургаан жил захирчээ.
11 Тэрээр ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв. Израилиар нүгэл үйлдүүлсэн Небатын хүү Иеробоамын бүх нүглүүдээс тэр эргэлгүй, харин тэдгээрийн дотор явжээ.
12 Иоашийн бусад үйлс, түүний хийсэн бүх юм, Иудагийн хаан Амазиагийн эсрэг тулалдсан түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
13 Ингээд Иоаш эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Иеробоам түүний сэнтийд заларчээ. Иоаш Израилийн хаадтай хамт Самарид оршуулагджээ.
14 Елиша түүнийг үхэлд хүргэхээр өвчтэй болоход Израилийн хаан Иоаш түүн уруу ирээд, түүний өмнө уйлан,—Эцэг минь, эцэг минь, Израилийн тэрэг ба түүний морьтон оо! гэв.
15 Елиша түүнд—Нум сумаа ав гэхэд тэрээр нум сумаа авав.
16 Тэгээд Елиша Израилийн хаанд—Гараа нуман дээр тавигтун гэхэд тэрээр гараа тавьсан бөгөөд дараа нь Елиша түүний гар дээр өөрийн гараа тавив.
17 Елиша—Зүүн зүг харсан цонхыг нээ хэмээхэд тэрээр онгойлгов. Дараа нь Елиша—Харвагтун! гэсэнд тэр харвав. Елиша—ЭЗЭНий ялалтын сум буюу Арамыг ялах ялалтын сум. Учир нь та нар Афект арамейчуудыг цохин, хүйс тэмтрэх болно гэв.
18 Дараа нь тэр—Сумнуудаа ав гэхэд хаан сумнуудаа авав. Тэрээр Израилийн хаанд—Газрыг цохигтун гэхэд хаан гурван удаа цохиод болив.
19 Иймээс Бурханы хүн түүнд уурлан,—Та тав юм уу, зургаан удаа цохих байсан юм. Тэгсэн бол та бүрэн устгаж дуустал Арамыг цохих байсан юм. Харин одоо та Арамыг гурван удаа цохих болно гэж хэлэв.
20 Елиша үхсэнд тэд түүнийг оршуулав. Моабын дээрмийн бүлгүүд тэр жилийн хавар газар нутагт нь халдав.
21 Тэд нэг удаа нэг хүнийг оршуулж байхад дээрэмчдийн бүлгийг харжээ. Тэд өнөөх хүнийг Елишагийн булшин дотор хаяжээ. Өнөөх хүн Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов.
22 Иехоахазын бүхий л өдрүүдэд Арамын хаан Хазаел Израилийг дарангуйлав.
23 Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандан, тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.
24 Арамын хаан Хазаел үхэхэд түүний хүү Бен-хадад түүний оронд хаан болов.
25 Тэгэхэд Иехоахазын хүү Иехоаш Хазаелын хүү Бен-хададын гараас хотуудыг дахин авчээ. Эдгээр хотуудыг тэр Иехоашийн эцэг Иехоахазын гараас дайн хийж булаан авсан байсан юм. Иоаш гурван удаа Бен-хададыг дийлж, Израилийн хотуудыг буцаан авав.