Шастирын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 5

1 1. Ингээд ЭЗЭНий өргөөнд зориулан Соломоны гүйцэтгэсэн бүх ажил дуусжээ. Соломон эцэг Давидынхаа зориулан өргөсөн зүйлс болох мөнгө, алт болон бүх сав суулгануудыг оруулж ирэн, тэдгээрийг Бурханы өргөөний эрдэнэсийн сангуудад тавьлаа.
2 Дараа нь ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот болох Сионоос залахаар Израилийн ахмадууд, Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн удирдагчид болох овгуудын бүх тэргүүнийг Соломон Иерусалимд цуглуулав.
3 Израилийн бүх эрчүүд баяр наадмаар буюу долдугаар сард хаан уруу цугларав.
4 Дараа нь Израилийн бүх ахмадууд ирж, левичүүд авдрыг өргөв.
5 Левийн тахилч нар авдар, хурлын майхан болон майхан дотор байсан бүх ариун сав суулгыг авчрав.
6 Соломон хаан болон түүнтэй хамт авдрын өмнө цугласан Израилийн бүх чуулган нь маш их хонь, үхрээр тахил өргөж байсан тул тэдгээрийг тоолж, тооцоолж барахааргүй байлаа.
7 Тэгээд тахилч нар ЭЗЭНий гэрээний авдрыг өргөөний дотоод ариун газар буюу ариунаас ариун газарт оруулан, херубуудын далавч доор байранд нь заллаа.
8 Учир нь херубууд далавчнуудаа авдрын байх газрын дээр дэлгэснээрээ авдар болон дамнуургуудыг нь халхалж байв.
9 Дамнуургууд маш урт байсан учир авдрын дамнуургуудын үзүүрүүд нь дотоод ариун газрын наанаас харагдаж байсан боловч гаднаас харагдахааргүй байв. Тэдгээр нь энэ өдрийг хүртэл тэнд байна.
10 Хоребт байхдаа Мосегийн оруулан хийсэн хоёр хавтангаас өөр зүйл авдар дотор байгаагүй. Израилийн хөвгүүд Египетээс гаргасны дараа ЭЗЭНий тэдэнтэй гэрээ байгуулсан газар бол Хореб юм.
11 Тахилч нар ариун газраас гарцгаахад (учир нь тэнд байсан бүх тахилч нар бүлэг хамааралгүйгээр өөрсдийгөө ариусгасан байв)
12 бүх Левийн дуучид буюу нарийн маалинган дээл өмссөн Асаф, Хеман, Иедутун нар болон тэдний хөвгүүд ба төрөл садангууд нь цан, босоо ятга, ятга хөгжим барин, бүрээ үлээж буй зуун хорин тахилч нарын хамт тахилын ширээний зүүн талд зогссон билээ.
13 Бүрээчид болон дуучид нэгэн дуугаар ЭЗЭНийг магтан, алдаршуулахаар дуулж байгаагаа сонсгож, бүрээ, цан, хөгжмийн зэмсгүүдтэй хавсарган өөрсдийн дуу хоолойг тэд өргөж, ЭЗЭНийг магтахдаа “Түүний хайр энэрэл үүрдийнх учир Тэр үнэхээр сайн” хэмээн дуулахад өргөө буюу ЭЗЭНий өргөө үүлээр дүүрэв.
14 ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн учраас үүлнээс болж тахилч нар үйлчлэлээ хийхээр зогсож чадахгүй байлаа.