Шастирын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 1

1 1. Давидын хүү Соломон эрх мэдлээ хаант улсдаа бэхжүүлэв. Түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, түүнийг ихэд өргөмжиллөө.
2 Соломон бүх израильчуудад болон мянгатын, зуутын дарга нарт, шүүгч нарт, бүх Израиль дахь удирдагч, гэрийн тэргүүлэгч бүрд зарлиг буулгав.
3 Тэгээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ.
4 Гэвч Давид гэрээний авдарт зориулан Иерусалимд майхан бариад Бурханы авдрыг Кириат-иеаримаас тийш нь зөөсөн билээ.
5 Хурын ач, Урийн хүү Безалелын хийсэн хүрэл тахилын ширээ нь Гибеон дахь ЭЗЭНий асрын өмнө байлаа. Тиймээс Соломон чуулганы хамт түүнийг зорин очжээ.
6 Соломон тэнд ЭЗЭНий өмнө хурлын майханд байсан хүрэл тахилын ширээ уруу өгсөн очоод мянган шатаалт тахил өргөв.
7 Тэр шөнө Бурхан Соломонд үзэгдэж—Чи Надаас юу авахыг хүсэж байна вэ? Түүнийгээ Надаас гуйгтун хэмээн айлдав.
8 Соломон—Миний эцэг Давидад Та агуу их хайр энэрлийг хүртээсэн. Мөн намайг түүний оронд хаан болголоо.
9 Одоо Бурхан ЭЗЭН минь ээ, миний эцэг Давидад өгсөн Таны амлалт биелэгдлээ. Учир нь Та намайг газар дэлхийн шороо шиг үй олон ардын хаанаар томиллоо.
10 Энэ ард түмний өмнө би орж гарч байхад мэдлэг, билиг ухааныг надад өгөөч. Таны энэ агуу их ард түмнийг хэн удирдаж чадах билээ? гэв.
11 Бурхан түүнд—Чи эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүнд, өстнүүдийнхээ үхлийг болон өөртөө урт насыг хүсэлгүй, харин чамайг хаанаар нь томилсон Миний ард түмнийг удирдахын тулд өөртөө мэдлэг, билиг ухааныг гуйн сэтгэлдээ ийн санаж байгаа учраас
12 мэдлэг, билиг ухаан чамд өгөгдөнө. Урьд хожид ямар ч хаадын эдэлж байгаагүй эд баялаг, хөрөнгө зоорь, алдар хүндийг Би чамд өгнө гэж айлдлаа.
13 Ингээд Соломон Гибеон дахь мөргөлийн өндөрлөгөөс, хурлын майхнаас хөдлөн Иерусалимд ирж, Израилийг захирлаа.
14 Соломон морин цэрэг болон тэрэгт цэргийг цуглуулахад, тэрэгт цэрэг нь мянга дөрвөн зууд, морин цэрэг нь арван хоёр мянгад хүрч байв. Соломон тэднийг тэрэгт цэргийн хуаран бүхий хотууд болон хааны амьдардаг Иерусалим хотод хуваарилан байрлуулжээ.
15 Соломон хааны үед Иерусалимд алт, мөнгө чулуу шиг ердийн зүйл болж, хуш мод нам дор газрын инжрийн мод шиг элбэг болсон байлаа.
16 Соломон морьдоо Египет, Куегээс оруулж ирдэг бөгөөд хааны худалдаачид тэднийг Куегээс худалдан авдаг байв.
17 Тэд тэрэгнүүдийг Египетээс зургаан зуун шекелээр, морьдыг зуун тавин шекел мөнгөний үнээр оруулж ирдэг бөгөөд түүнийгээ хитчүүдийн бүх хаан ба Сирийн хаадад зардаг байв.