Шастирын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 21

1 1. Иехошафат эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэдний хамт Давидын хотод оршуулагдсан бөгөөд түүний хүү Иехорам түүний оронд хаан болов.
2 Түүнд ах дүүс байсан бөгөөд тэд Иехошафатын хөвгүүд болох Азариа, Иехиел, Зехариа, Азариаху, Михаел, Шефатиа нар болой. Эдгээр нь бүгд Израилийн хаан Иехошафатын хөвгүүд байв.
3 Тэдний эцэг алт, мөнгө, үнэт зүйлс бүхий олон бэлгийн хамтаар Иудагийн бэхлэгдсэн хотуудыг тэдэнд өгсөн бөгөөд, хаант улсаа Иехорамд өгөв. Учир нь тэрээр ууган хүү байв.
4 Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүсээ, бас Израилийн зарим удирдагчдыг илдээр хороов.
5 Иехорам хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд найман жил хаанчилжээ.
6 Тэрээр Ахабын гэрийн адил Израилийн хаадын замаар явсан (учир нь Ахабын охин түүний эхнэр байжээ) бөгөөд ЭЗЭНий мэлмийд хорон мууг үйлдэв.
7 Гэсэн ч Давидтай тогтоосон гэрээнээсээ болж, мөн Давид болон түүний хөвгүүдэд дэнлүүг мөнхөд өгнө гэж Өөрөө нэгэнт амласан тул Давидын гэрийг устгахыг ЭЗЭН хүссэнгүй.
8 Иехорамын өдрүүдэд Едом Иудагийн захиргааг эсэргүүцэн босож, өөрсдөдөө хааныг тавьжээ.
9 Тэгэхэд Иехорам цэргийн дарга нар болон бүх тэрэгтэйгээ гатлав. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлж байсан едомчуудыг цохижээ.
10 Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна түүний ноёрхлыг эсэргүүцэв. Учир нь тэрээр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг умартсан билээ.
11 Үүнээс гадна, тэрээр Иудагийн уулс дээр мөргөлийн өндөрлөгүүдийг босгон, Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, Иудаг төөрүүлэв.
12 Тэгтэл эш үзүүлэгч Елиагаас түүнд захидал ирж, уламжлахдаа “Чиний эцэг өвөг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна «Чи өөрийн эцэг Иехошафат болон Иудагийн хаан Асагийн замаар замналгүй,
13 харин Израилийн хаадын замаар замнаж, Ахабын гэр завхайрсны адил Иуда болон Иерусалимын оршин суугчдыг завхайруулж, бас чиний гэр бүл болох чамаас илүү сайн байсан ах дүүсээ алсан учраас
14 харагтун, ЭЗЭН чиний хүмүүсийг, чиний хөвгүүд, эхнэрүүд болон бүх эзэмшлийг агуу их гай гамшгаар цохих гэж байна.
15 Чиний гэдэс хүнд өвчтэй болж тэр өвчин өдрөөс өдөрт хүндэрч гэдэс чинь гарч ирэх болно» гэв” гэсэн билээ.
16 Тэгээд ЭЗЭН Иехорамын эсрэг филистчүүдийн болон етиопчуудтай хиллэдэг арабуудын сэтгэлийг хөдөлгөсөнд,
17 тэд Иудагийн эсрэг довтлон ирж, түүн уруу цөмрөн орж, хааны гэрээс олдсон бүх эд зүйлс, түүний хүүхдүүд болон эхнэрүүдийг нь авч одов. Түүний хөвгүүдийн отгон нь болох Иехоахазаас өөр хөвгүүд түүнд үлдсэнгүй.
18 Энэ бүхний дараа ЭЗЭН гэдэс доторт нь эдгэршгүй өвчнөөр түүнийг цохив.
19 Цаг хугацаа өнгөрөхөд хоёр жилийн дараа өвчнөөс нь болж түүний гэдэс дотор цуван гарч, тэрээр аймшигтайгаар тарчлан үхлээ. Хүмүүс эцэгт нь зориулсан шиг түүнд зориулан гал асаасангүй.
20 Тэрээр хаан болохдоо гучин хоёр настай байсан бөгөөд найман жил Иерусалимд хаанчилжээ. Түүний үхэлд хэн ч харамсаагүй бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулсан боловч хаадын булшнуудад хийгээгүй.