Шастирын Дэд
Бүлэг 35
1 1. Дараа нь Иосиа ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг Иерусалимд тэмдэглэж, нэгдүгээр сарын арван дөрвөнд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрөв.
2 Тэрээр тахилч нарыг үүрэгт ажилд нь оруулан, ЭЗЭНий өргөөнд үйлчлэхэд нь тэднийг урамшуулав.
3 Тэр бас бүх израильчуудыг сургадаг бөгөөд ЭЗЭНд ариун байсан левичүүдэд хандан—Ариун авдрыг Израилийн хаан Давидын хүү Соломоны барьсан өргөөнд оруулан залагтун. Энэ нь дахиж мөрөн дээрх ачаа болохгүй. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНд болон Түүний ард түмэн Израильд үйлчлэгтүн.
4 Израилийн хаан Давид болон түүний хүү Соломоны бичээсийн дагуу өөрсдийн бүлгүүд дэх эцгүүдийнхээ бүлүүдээр бэлтгэгтүн.
5 Үүнээс гадна, өөрсдийн ах дүүс болох эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдийн дагуу, мөн левичүүдийн дагуу эцгүүдийн бүлүүдийн бүлгээр ариун газарт зогс.
6 Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрч, өөрсдийгөө ариусгаж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу хийхэд нь өөрсдийн ах дүүсийг бэлтгэгтүн хэмээв.
7 Иосиа тэнд байсан бүх хүмүүс болох эгэл ардуудад Дээгүүр Өнгөрөх баярын тахилуудад зориулан гучин мянган хурганы сүрэг ба залуу ямаанг хандивласан бөгөөд түүн дээр гурван мянган бух нэмжээ. Тэдгээр нь хааны өмч байв.
8 Түүний түшмэд бас ардуудад, тахилч нарт болон левичүүдэд сайн дурын өргөлийг тараав. Бурханы өргөөний түшмэд болох Хилкиа, Зехариа, Иехиел нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан хоёр мянга зургаан зууг ба гурван зуун бухыг тахилч нарт өгчээ.
9 Левичүүдийн түшмэд болох Конаниа, түүний ах дүүс Шемаиа, Нетанел нар, Хашабиа, Иеиел, Иозабад нар Дээгүүр Өнгөрөх баярын өргөлд зориулан таван мянгыг ба таван зуун бухыг левичүүдэд тараан өгсөн юм.
10 Ингээд үйлчлэл бэлтгэгдсэнд хааны тушаалын дагуу тахилч нар өөрсдийн байрлалуудад, мөн левичүүд өөрсдийн хэсгүүдээр зогсоцгоов.
11 Тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг төхөөрч, тахилч нар тэдний гараас цусыг нь авч цацах хооронд, левичүүд арьсыг нь өвчөөд,
12 шатаалт тахилуудыг тусгай тавьж, эгэл ардуудын эцгүүдийн бүлүүдийн хэсгүүдэд өгөөд, Мосегийн номд бичигдсэний дагуу тэдгээрийг ЭЗЭНд өргөн барив. Бухнуудыг мөн адил өгөв.
13 Ингээд тэд Дээгүүр Өнгөрөх баярын хургануудыг зааврын дагуу гал дээр шарж, ариун зүйлсийг тогоо, том тоогоонууд, савнуудад чанаад, бүх эгэл ардуудад түргэхэн шиг аваачжээ.
14 Үүний дараа тэд өөрсдөдөө болон тахилч нарт зориулан бэлтгэв. Учир нь тахилч нар болох Аароны хөвгүүд шатаалт тахилууд ба өөхийг шөнө хүртэл өргөжээ. Тийм учраас левичүүд өөрсдөдөө ба Аароны хөвгүүд болох тахилч нарт зориулан бэлдсэн юм.
15 Асафын хөвгүүд болох дуучид ч гэсэн Давид, Асаф, Хеман болон хааны үзмэрч Иедутуны тушаалын дагуу өөрсдийн байрлалаа эзэлж байв. Мөн өөр өөрсдийн дааман хаалган дээрх сахиулууд өөрсдийн үйлчлэлээс холдох шаардлага гарсангүй. Учир нь тэдний ах дүүс болох левичүүд тэдэнд зориулан бэлтгэсэн байлаа.
16 Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж, Иосиа хааны тушаалаар ЭЗЭНий тахилын ширээн дээр шатаалт тахилуудыг өргөхөөр ЭЗЭНий бүх үйлчлэл тэр өдөртөө бэлтгэгдсэн байв.
17 Ингээд тэнд байсан Израилийн хөвгүүд тэр үед Дээгүүр Өнгөрөх баярыг, мөн Исгээгүй Талхны Баярыг долоон өдөр тэмдэглэжээ.
18 Үүнтэй адил Дээгүүр Өнгөрөх баярыг эш үзүүлэгч Самуелын үеэс хойш тэмдэглэж байсангүй. Мөн Израилийн хаадын нэг нь ч тахилч нар, левичүүд, тэнд байсан бүх Иуда, Израиль болон Иерусалимын оршин суугчдын хамт Иосиагийн үйлдсэний адил тийм Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэж байгаагүй билээ.
19 Иосиагийн хаанчлалын арван найм дахь жилд энэ Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдсэн юм.
20 Энэ бүгдийн дараа буюу Иосиа сүмийг янзалсны дараа Египетийн хаан Неко дайтахаар Евфрат дахь Каршемишт ирсэн бөгөөд Иосиа түүнийг довтлохоор явлаа.
21 Гэвч Неко түүн уруу элч нарыг илгээн,—Иудагийн хаантан, бид бие биетэйгээ юу хийх билээ? Өнөөдөр чиний эсрэг бус, харин миний дайтаж буй гэрийн эсрэг явж байгаа бөгөөд Бурхан надад яаравчлахыг тушаав. Өөрийгөө Түүгээр устгуулахгүйн тулд өөрийгөө бодон надтай хамт байгаа Бурханд саад хийхээ болигтун гэв.
22 Харин Иосиа түүнээс эргэлгүй, түүнтэй дайтахаар зүсээ хувиргав. Тэрээр Бурханы амаас гарсан Некогийн үгийг ч сонсолгүй, харин Мегиддогийн талд тулалдахаар ирэв.
23 Харваачид Иосиа хааныг харван оносонд, хаан зарц нартаа—Би хүнд шархадсан болохоор намайг аваад яв гэв.
24 Тиймээс зарц нар нь түүнийг тэрэгнээс нь буулган авч, өөрт нь байсан хоёр дахь тэргэнд тавин, Иерусалимд авч ирэхэд тэрээр тэнд үхэж, эцэг өвгөдийнхөө булшинд оршуулагдсан билээ. Бүх Иуда ба Иерусалим Иосиагийн төлөө гашууджээ.
25 Дараа нь Иеремиа Иосиад зориулан гашуудлын дуу дуулжээ. Бүх эр, эм дуучин Иосиагийн хойноос үүнийг гашуудан дуулсанд өнөөг хүртэл тэр нь Израильд тогтоол болжээ. Харагтун, тэдгээр нь бас Гашуудлын дотор бичигдсэн юм.
26 Иосиагийн бусад үйлс болон ЭЗЭНий хуульд бичигдсэнчлэн түүний итгэлийн үйлдлүүд,
27 түүний үйлс эхнээсээ дуустал, харагтун, тэдгээр нь Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн юм.