Шастирын Дэд

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36


-Reset+

Бүлэг 23

1 1. Долоо дахь жил Иехоиада өөрийгөө хүчирхэгжүүлэн, зуутын дарга нар болох Иерохамын хүү Азариа, Иохананы хүү Ишмаел, Обедын хүү Азариа, Адаиагийн хүү Маасеиа, Зихрийн хүү Елишафат нарыг авч, тэдэнтэй гэрээ тогтоов.
2 Тэд Иуда даяар явж, Иудагийн бүх хотуудаас левичүүдийг, мөн Израилийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг цуглуулав. Тэд Иерусалимд ирцгээв.
3 Тэгээд бүх чуулган хаантай Бурханы өргөөнд гэрээ байгуулав. Иехоиада тэдэнд—Харагтун, Давидын хөвгүүдийн талаар ЭЗЭН айлдсаны дагуу хааны хүү хаанчлах болой.
4 Та нарын хийх зүйл бол энэ юм. Амралтын өдөр ирдэг тахилч нар болон левичүүд та бүгдийн гуравны нэг нь дааман хаалганы сахиулууд болог.
5 Гуравны нэг нь хааны ордонд, мөн гуравны нэг нь Суурийн Дааман хаалган дээр байгтун. Бүх ард олон ЭЗЭНий өргөөний хашаанд байгтун.
6 Харин тахилч нар болон үйлчилж буй левичүүд ариун учраас нэвтрэн орж болно. Тэднээс өөр нэг ч хүнийг ЭЗЭНий өргөөнд бүү нэвтрүүл. Бүх хүн ЭЗЭНий тушаасныг сахигтун.
7 Леви хүн бүр зэвсгээ гартаа авч хааныг хүрээлэн зогсох болно. Өргөөнд нэвтэрсэн хэнийг ч болов алагтун. Хаантныг орж, гарахад ийм байгтун гэв.
8 Ингээд левичүүд болон бүх иудачууд тахилч Иехоиадагийн тушаасан бүгдийг ёсоор гүйцэтгэжээ. Тахилч Иехоиада аль ч бүлгийг тараагаагүй учир тэдний хүн бүр амралтын өдөр орж ирдэг, гардаг эрсээ дагуулан ирэв.
9 Тэгээд тахилч Иехоиада зуутын дарга нарт Бурханы өргөөн дэх, Давид хааных байсан жаднууд болон том, жижиг бамбайнууд өгчээ.
10 Тэрээр хүн бүрийн гарт нь зэвсгийг нь бариулаад, өргөөний баруун талаас зүүн тал хүртэл хааныг хүрээлүүлэн тахилын ширээ болон өргөөний хажуугаар бүх хүнийг зогсоосон юм.
11 Тэгээд тэд хааны хүүг гарган ирж, түүнд титэм өмсгөн, гэрчлэл өгч, түүнийг хаан болгов. Иехоиада болон түүний хөвгүүд түүнд тос цутган,—Хаан мөнх наслах болтугай! гэцгээв.
12 Аталиа ард түмний гүйлдэх болон хааныг магтах дуу чимээг сонсоод, хүмүүс уруу ЭЗЭНий өргөөнд орж иржээ.
13 Түүнийг харахад, хаан үүдэнд баганын дэргэд зогсож, ахмадууд болон бүрээчид хааны хажууд зогсож байв. Тэр газрын бүх ард түмэн баярлалдан, бүрээнүүдээ хүнгэнүүлж, дуучид хөгжимдөн магтаалыг удирдаж байв. Тэгэхэд Аталиа хувцсаа ураад,—Тэрслэлт! Тэрслэлт! хэмээжээ.
14 Тахилч Иехоиада цэргийг захирахаар томилогдсон зуутын дарга нарыг авчраад, тэдэнд—Тэр эмийг хүрээний дундаас гарга. Түүнийг дагах хэнийг ч бай илдээр цавчин алагтун хэмээн тушаав. Тахилч—Тэр эмийг ЭЗЭНий өргөөнд бүү алагтун гэв.
15 Ингээд тэд түүнийг баривчлан, хааны гэрийн Морьт Хаалганы орох үүд уруу авчраад, тэнд тэр эмийг цаазалжээ.
16 Дараа нь Иехоиада өөрөө бүх ард түмэн болон хааны хооронд тэд ЭЗЭНий ард түмэн байх болно гэсэн гэрээ байгуулсан юм.
17 Бүх ард түмэн Баалын сүм уруу очин, түүнийг буулган нурааж, Баалын тахилын ширээнүүд болон хөргүүдийг нь хэлтэрхий болтол эвдэж, Баалын тахилч Маттаныг тахилын ширээнүүдийн өмнө алжээ.
18 Үүнээс гадна, Иехоиада ЭЗЭНий өргөөг харгалзагчийг Левийн тахилч нарын гарт өгөв. Урьд өмнө Давид энэ Левийн тахилч нарт ЭЗЭНий өргөөг хариуцуулсан. Тэд Мосегийн хуульд бичигдсэнчлэн, ЭЗЭНд шатаалт тахил өргөж, Давидын зааврын дагуу баяр хөөртэйгөөр магтан дуулдаг байсан.
19 Тэрээр ЭЗЭНий өргөөний хаалганы сахиулуудыг томилж, ямар нэг талаар цэвэр бус хэнийг ч дотогш оруулаагүй.
20 Тэрээр зуутын дарга нар, язгууртнууд, ард түмний удирдагчдыг болон тэр газрын бүх ард түмнийг дагуулан, хааныг ЭЗЭНий өргөөнөөс аван, дээд дааман хаалгаар нэвтрэн хааны ордонд ирэв. Тэд хааны сэнтийд хааныг залжээ.
21 Тэр газрын бүх ард түмэн баярлалдан хөөрч, хот нам гүм байв. Учир нь тэд Аталиаг илдээр цавчин алсан билээ.