Левит
Бүлэг 27
1 1. ЭЗЭН дахиад Мосед айлдан—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэгтүн. “Хүн нь ЭЗЭНд зориулагдах хүмүүсийг үнэлсэн үнэлгээний дагуух онцгой тангаргийг өргөх үед
3 хэрэв та нар хорь ба түүнээс дээш хүртэлх насны эрэгтэйг үнэлж байвал та нарын үнэлгээ нь ариун газрын шекелээр мөнгөний тавин шекел байх ёстой юм.
4 Эсвэл хэрэв энэ нь эмэгтэй байвал та нарын үнэлгээ нь гучин шекел байх ёстой.
5 Хэрэв энэ нь таван наснаас хорин насыг хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь хорин шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх юм.
6 Гэвч хэрэв нэг сартайгаас таван нас хүртэл байх аваас эрэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний таван шекел байх бөгөөд эмэгтэйд зориулсан үнэлгээ чинь мөнгөний гурван шекел байх болой.
7 Хэрэв жаран наснаас дээших байх тохиолдолд, хэрэв энэ нь эрэгтэй байвал үнэлгээ чинь арван таван шекел байх бөгөөд эмэгтэйд арван шекел байх болой.
8 Харин хэрэв тэр хүн үнэлгээнээс чинь ядуу байх аваас, түүнийг тахилчийн өмнө аваачих бөгөөд тахилч түүнийг үнэлэх болой. Тангараг өргөсөн нэгний хөрөнгө чадлын хирээр нь тахилч түүнийг үнэлэх юм.
9 Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохистой төрлийн амьтан байвал ЭЗЭНд өгсөн аливаа ийм амьтан нь ариун болдог.
10 Тэр нь түүнийг сайныг муугаар эсвэл мууг сайнаар орлуулах, эсвэл сольж болохгүй юм. Эсвэл хэрэв тэр амьтныг амьтнаар солих аваас тэр болон орлуулсан амьтан хоёулаа ариун болно.
11 Хэрэв энэ нь ЭЗЭНд тахил болгон өгөхөд зохисгүй бузар төрлийн амьтан байвал тэр нь уг амьтныг тахилчийн өмнө тавина.
12 Тахилч түүнийг сайн муугаар нь үнэлэх бөгөөд энэ нь тахилч та нарын үнэлсэн үнийн дагуу тогтоогдох юм.
13 Гэвч хэрэв тэр хүн түүнийг золихыг хүсвэл, тэр нь түүний үнийн тавны нэгийг нь түүн дээр нэмэх ёстой.
14 Хэрэв хүн өөрийн сууцыг ЭЗЭНд ариун болгон ариусгах тохиолдолд, тахилч түүнийг нь сайн муугаар нь үнэлнэ. Тахилчийн үнэлсний дагуу үнэ нь тэгж тогтоно.
15 Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.
16 Дахин хэрэв хүн өөрийн өмчийн талбайгаас хэсгийг нь ЭЗЭНд ариусгах тохиолдолд та нарын үнэлгээ чинь түүнд шаардагдах үрийн тоотой тэнцүү байх ёстой. Арвайн үрийн нэг хомер нь тавин шекел мөнгөтэй тэнцүү юм.
17 Хэрэв тэр талбайгаа Эврийн бүрээдэлтийн жилд ариусгах аваас энэ нь та нарын үнэлгээний дагуу тогтоно.
18 Хэрэв тэр хүн Эврийн бүрээдэлтийн дараа өөрийн талбайг ариусгавал тахилч дараагийн Эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл үлдсэн жилүүдтэй тэнцүүлэн түүний үнийг тооцно. Энэ нь та нарын үнэлгээнээс хасагдах болой.
19 Хэрэв түүнийг ариусгасан хүн нь талбайгаа золихыг хүсвэл тэр нь та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж талбай нь түүнийх болох юм.
20 Гэсэн ч хэрэв тэрээр талбайгаа золихгүй, харин талбайг өөр хүнд худалдсан байвал үүнийг цаашид золих боломжгүй болсон байх бөгөөд,
21 эврийн бүрээдэлтээр уг талбай нь хуучин эзэндээ буцан очих үедээ зориулагдсан талбайн адил ЭЗЭНд ариун болох юм. Энэ нь тахилчийн өмч болох болой.
22 Эсвэл хэрэв хүн өөрийн эзэмшлийн талбайн нэг хэсэг биш болох өөрийн худалдаж авсан талбайгаа ЭЗЭНд ариусгавал,
23 тахилч Эврийн бүрээдэлтийн жил хүртэлх үнийг нь үнэлэн тооцох ёстой. Тэр өдөр мөнөөх хүн үнэлсэн үнийг нь ЭЗЭНд ариун хэмээн өгнө.
24 Эврийн бүрээдэлтийн жилд уг талбай нь тэр хүнд талбайг зарсан хуучин эзэндээ буцан очих болой. Энэ газрын эзэмшил нь түүнийх байсан юм.
25 Түүнээс гадна, та нарын үнэлэх үнэ бүр чинь ариун газрын шекелийн дагуу байх ёстой. Шекел нь хорин гера байна.
26 Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.
27 Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.
28 Гэсэн ч хүн өөртөө байгаа бүхнээс, хүнээс, эсвэл амьтнаас, эсвэл өөрийн өмчийн талбайгаас ЭЗЭНд тусгаарласан аливаа зүйл нь зарагдах, эсвэл золигдох ёсгүй. Зориулагдсан аливаа зүйл нь ЭЗЭНд хамгийн ариун юм.
29 Хүмүүсийн дундаас тусгаарлагдсан байж болох нэг ч хүн золигдох ёсгүй бөгөөд тэр нь гарцаагүй алуулах ёстой.
30 Газрын, эсвэл газрын үрийн, эсвэл модны үр жимсний бүх арван хувь нь ЭЗЭНийх бөгөөд энэ нь ЭЗЭНд ариун билээ.
31 Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ.
32 Бод болон бог малын сүргийн арван хувь буюу шилбүүр доогуур өнгөрөгч бүрийн арав дахь нэгэн нь ЭЗЭНд ариун байх юм.
33 Тэр хүн үүнийг сайн уу, муу юу гэдэгт санаа тавих ч хэрэггүй бөгөөд сольж ч болохгүй. Эсвэл хэрэв түүнийг солих аваас тэр болон түүнийг орлогч нь хоёул ариун болох бөгөөд золигдох ёсгүй” гэлээ.
34 Эдгээр нь Израилийн хөвгүүдэд зориулан Синаи уулан дээр Мосед ЭЗЭНий тушаасан тушаалууд болой.