Левит

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


-Reset+

Бүлэг 24

1 1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Израилийн хөвгүүдэд дэнлүүг байнга асаалттай байлгахын тулд цохисон чидунаас цэвэр тосыг гэрэлтүүлэгт зориулан чамд авчрахыг тушаагтун.
3 Түүнийг хурлын майхны дотор, гэрчлэлийн хөшигний гадна Аарон үдшээс өглөөг хүртэл ЭЗЭНий өмнө байнга ёсоор нь байлгах ёстой. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх болой.
4 Дэнлүүнүүдийг тэрээр дэнлүүний шижир алтан суурин дээр ёсоор нь ЭЗЭНий өмнө байнга байлгах ёстой.
5 Тэгээд тэр сайн гурилыг авч, түүгээр арван хоёр боовыг жигнэх бөгөөд боов тус бүрд ефагийн аравны хоёр байх болой.
6 Тэдгээрийг ЭЗЭНий өмнө шижир алтан ширээн дээр хоёр эгнээ болгон, нэг эгнээнд нь зургааг тавих болой.
7 ЭЗЭНд галаар өргөх өргөл болох дурсгалын хувь болгохын тулд эгнээ бүр дээр талханд зориулсан цэвэр гүглийг тавигтун.
8 Амралтын өдөр бүр тэр түүнийг ЭЗЭНий өмнө ёсоор нь байнга байрлуулах болой. Энэ нь Израилийн хөвгүүдэд мөнхийн гэрээ болно.
9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.
10 Израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүдийн дунд гарч ирэв. Түүний эцэг нь египет хүн байлаа. Хуаранд израиль эмэгтэйн хүү болон израиль эр бие биетэйгээ муудалцав.
11 Израиль эмэгтэйн хүү нь ЭЗЭНий Нэрийг доромжлон, хараав. Тиймээс тэд түүнийг Мосе уруу аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэр эмэгтэй Дан овгийн Дибрийн охин байлаа.)
12 Тэд ЭЗЭНий тушаалыг өөрсдөдөө тодорхой болох хүртэл түүнийг хорионд байлгав.
13 Тэгтэл ЭЗЭН Мосед айлдан—
14 Хараасан нэгнийг хуарангийн гадна авчрагтун. Түүнийг сонссон бүхэн түүний толгой дээр гараа тавиг. Тэгээд бүх цуглаан түүн уруу чулуу чулууд.
15 Чи Израилийн хөвгүүдэд хэлж яригтун. “Хэрэв хэн нэгэн нь өөрийн Бурханыг хараах аваас тэр өөрийн нүглийг үүрэх болно.
16 Түүнээс гадна, ЭЗЭНий нэрийг доромжлох нэгэн нь гарцаагүй алуулах ёстой. Бүх цуглаан түүнийг заавал чулуугаар чулуудах ёстой. Уугуул хүнтэй адил гадаадын хүн мөн ЭЗЭНий Нэрийг доромжлох аваас тэр нь алуулах ёстой.
17 Хэрэв хүн аливаа хүмүүн төрөлхтний амийг хороох аваас тэр нь гарцаагүй алуулах ёстой.
18 Амьтны амийг хороосон нэгэн нь амийг амиар нөхөн төлөх болой.
19 Хэрэв хүн өөрийн хөршийг гэмтээх аваас өөрийнх нь үйлдсэнчлэн өөрт нь үйлдэгдэнэ.
20 Хугаралтыг хугаралтаар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, хүнийг гэмтээсэн дагуу нь түүнд мөн түүнчлэн учрах болой.
21 Амьтныг алсан хүн нь түүнийгээ ингэж нөхөн төлөх бөгөөд харин хүнийг алсан нэгэн нь алуулах ёстой.
22 Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.
23 Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдтэй яриад, тэд хараасан хүнийг хуарангийн гадна аваачин түүн уруу чулуу шидлэв. Ингэж Израилийн хөвгүүд ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.