Левит
Бүлэг 17
1 1. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—
2 Аарон болон түүний хөвгүүд, Израилийн бүх хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “ЭЗЭНий тушаан айлдсан нь энэ болой.
3 «Израилийн гэрийнхнээс аливаа хүн хуарангийн дотор, эсвэл хуарангийн гадна үхэр, эсвэл хурга, эсвэл ямаа нядлах аваас,
4 ЭЗЭНий асрын өмнө ЭЗЭНд өргөл болгон өргөхөөр түүнийгээ хурлын майхны үүдэнд авчраагүй бол тэр хүн цусны буруутан хэмээн тооцогдоно. Тэр хүн цус урсгасан учир өөрийн ард түмний дундаас таслагдах ёстой.
5 Үүний учир шалтгаан нь гэвэл, Израилийн хөвгүүд хээр талд өргөж байсан тахилуудаа авчрахын тулд буюу тэдгээрийгээ тэд ЭЗЭНд, хурлын майхны үүдэнд тахилчид авчран, ЭЗЭНд эвийн тахилын өргөлүүд болгон өргөхийн тулд болой.
6 Тахилч цусыг нь хурлын майхны үүдэнд ЭЗЭНий тахилын ширээн дээр цацан, өөхийг нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулах ёстой.
7 Тэд өөрсдийн садарласан ямаан шүтээнүүдэд цаашид тахилаа өргөх ёсгүй. Энэ нь тэдэнд үеийн үед улиран үргэлжлэх тогтоол болох юм»”.
8 Тэгээд чи тэдэнд ийн хэл. “Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь шатаалт тахил, эсвэл өргөлийг өргөхдөө,
9 түүнийг хурлын майхны үүдэнд ЭЗЭНд өргөхөөр авчрахгүй бол тэр хүн ард олноос таслагдана.
10 Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.
11 Учир нь махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм. Учир нь цус бол амийн төлөө эвлэрүүллийг хийдэг юм”.
12 Тиймийн тул Би Израилийн хөвгүүдэд “Та нарын дотроос нэг ч хүн цус идэж болохгүй, та нарын дунд түр сууж буй аливаа гадаадын хүн цус идэж болохгүй” хэмээн айлдсан.
13 Тиймээс Израилийн хөвгүүдээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган шороогоор дарах ёстой.
14 Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд “Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” хэмээн айлдсан.
15 Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно.
16 Харин хэрэв тэр хүн хувцсаа угаагаагүй, эсвэл биеэ усанд булхаагүй аваас тэр нь өөрийн гэм бурууг үүрнэ гэлээ.