Левит
Бүлэг 2
1 1. Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.
2 Тэгээд тэр түүнийгээ тахилч нар болох Аароны хөвгүүдэд авчрахдаа сайн гурил, тос, гүглээсээ атгыг авна. Тахилч түүнийг нь дурсгалын хувь болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.
3 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох бөгөөд энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь юм.
4 Та нар зууханд жигнэсэн идээн өргөл авчрах аваас энэ нь тостой хольсон сайн гурилан исгээгүй бин, эсвэл дээр нь тос түрхсэн исгээгүй боов байх ёстой.
5 Хэрэв та нарын өргөл нь хайруулын таваг дээр хийсэн идээн өргөл байх аваас энэ нь исгэгдээгүй, тостой хольсон сайн гурилынх байх ёстой.
6 Түүнийг жижиглэн хугалж, дээр нь тос асгана. Энэ нь идээн өргөл болой.
7 Хэрэв та нарын өргөл нь саванд чанасан идээн өргөл байх аваас энэ нь тостой сайн гурилаар хийгдсэн байх ёстой.
8 Та нар эдгээр зүйлсээр хийгдсэн идээн өргөлийг ЭЗЭНд авчран тахилчид өгөхөд, тэр түүнийг тахилын ширээнд аваачна.
9 Тэгээд тахилч идээн өргөлөөс түүний дурсгалын хувийг авч, түүнийгээ ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.
10 Идээн өргөлийн үлдэгдэл нь Аарон болон түүний хөвгүүдэд оногдох агаад энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийн хамгийн ариун нь бөлгөө.
11 ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулах ёсгүй.
12 Эдгээрийг та нар анхны үр жимсний өргөл болгон ЭЗЭНд авчирч болох боловч тэдгээр нь тахилын ширээн дээр тайвшруулах тааламжит үнэр болон өргөгдөх ёсгүй.
13 Түүнээс гадна та нар идээн өргөл болгоныг давсаар амтал. Ингэснээр та нарын Бурханы гэрээний давс нь идээн өргөлд чинь дутагдахгүй байх юм. Бүх өргөлийнхөө хамт та нар давс өргөгтүн.
14 Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой.
15 Түүн дээрээ та нар тос тавин, дээр нь утлагыг байрлуул. Энэ нь идээн өргөл юм.
16 Тахилч түүний дурсгалын хувийг, түүний үйрмэг болон тосыг бүх утлагынх нь хамт ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулна.