Левит

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27


-Reset+

Бүлэг 15

1 1. ЭЗЭН мөн Мосе, Аарон нарт айлдахдаа—
2 Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Аливаа хүний биеэс гоождос гарвал түүний гоождос нь бузар болой.
3 Түүний бие нь өөрөө гоождосыг гоожуулж байсан ч, эсвэл гоождосыг саатуулж байсан ч энэ нь түүнийг бузарлана. Түүний гоождос ингэж бузарлана.
4 Гоождостой хүний дээр нь хэвтсэн аливаа ор бузар болдог. Мөн түүний суусан юм бүхэн бузар болдог.
5 Түүнээс гадна түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
6 Гоождостой хүний сууж байсан зүйл дээр суусан хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах ба үдэш болтол бузартсан болно.
7 Мөн гоождостой хүнд хүрсэн хэн боловч хувцсаа угаан, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
8 Эсвэл хэрэв гоождостой хүн нь цэвэр байгаа нэгнийг нулимах аваас тэр хүн бас хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд мөн л үдэш болтол бузартсан болно.
9 Гоождостой хүний унаж явсан аливаа эмээл нь бузар болох юм.
10 Мөн түүний дор байсан аливаа зүйлд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ба тэдгээрийг зөөж явсан хүн хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
11 Үүнчлэн гоождостой нэгний гараа усанд зайлалгүйгээр хүрсэн тэр хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
12 Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.
13 Гоождостой хүн гоождосоосоо цэвэршүүлэгдээд, цэвэршүүлэлтэндээ зориулан долоо хоногийг тоолох ёстой. Тэгээд тэр хувцсаа угаан, урсгал усанд биеэ булхаж цэвэр болно.
14 Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, ЭЗЭНий өмнө хурлын майхны үүдэн дээр очин тэдгээрийг тахилчид өгнө.
15 Тахилч тэдгээрийг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөх болой. Тийнхүү тахилч гоождосынх нь улмаас ЭЗЭНий өмнө түүний төлөө эвлэрүүллийг хийх ажгуу.
16 Хэрэв эр хүнээс үрийн шингэн гарах аваас тэрээр бүх биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан болно.
17 Дээр нь үрийн шингэн тогтсон аливаа хувцас, эсвэл аливаа арьсны тухайд гэвэл энэ нь усаар угаагдах бөгөөд үдэш болтол бузар болох болой.
18 Хэрэв эр хүн эмэгтэй хүнтэй унтан үрийн шингэн гаргах аваас тэд хоёул усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.
19 Харин эмэгтэй хүн гоождостой тохиолдолд, хэрэв түүний бие дэх гоождос нь цус байх аваас тэр нь сарын тэмдгийнхээ бузарталд долоо хоногийн турш байх бөгөөд түүнд хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болох ажгуу.
20 Мөн түүний сарын тэмдгийнхээ бузартлын үед, дээр нь хэвтсэн аливаа зүйл нь бузар болох бөгөөд түүний дээр нь суусан аливаа зүйл нь бузар болох болой.
21 Түүний оронд хүрсэн аливаа хүн нь хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.
22 Түүний суусан аливаа зүйлд хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.
23 Түүний ор ч бай, дээр нь сууж буй зүйл ч бай, түүнд нь хүрсэн хүн үдэш болтол бузартсан болно.
24 Хэрэв эр хүн уг эмэгтэйтэй унтан, ингэснээр түүний сарын тэмдгийн бузар нь түүн дээр байх аваас тэр эрэгтэй долоо хоногийн турш бузартсан болох бөгөөд эрэгтэйн хэвтсэн аливаа ор нь бузар болох ажгуу.
25 Хэрэв эмэгтэй хүн сарын тэмдгийн бузартлаас өөр үед олон хоног цусан гоождостой болох аваас, эсвэл тэр үеэсээ цааш гоождостой байх аваас бузар гоождосынхоо бүх өдрүүдэд тэрээр сарын тэмдгийнхээ бузарталд байгаа мэт ийнхүү цааш үргэлжлүүлэн байх болой. Тэр нь бузартсан байна.
26 Гоождосынхоо бүх өдрүүдэд түүний дээр нь хэвтсэн аливаа ор нь сарын тэмдгийн бузартлынх нь үе дэх түүний орны адил болох болой. Түүний дээр нь суусан аливаа зүйл нь түүний тэр үеийнх нь бузрын адил бузар болох юм.
27 Үүнчлэн тэдгээрт хүрсэн хэн боловч хувцсаа угааж, усанд биеэ булхах бөгөөд үдэш болтол бузартсан болох юм.
28 Гоождосоосоо тэр эмэгтэй цэвэршихэд долоо хоногийг тоолоод, үүний дараа цэвэр болох юм.
29 Тэгээд найм дахь өдөр нь тэр өөрийнхөө төлөө хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авч, тэдгээрийг хурлын майхны үүд уруу тахилчид авчрах болой.
30 Тахилч нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөнө. Тийнхүү тахилч, түүний бузар гоождосынх нь улмаас тэр эмэгтэйн төлөө ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийнэ”.
31 Ингэж та нар Израилийн хөвгүүдийг өөрсдийнх нь бузраас ангид байлгах юм. Эс бөгөөс тэдний дунд байгаа Миний асрыг тэд бузарласнаар өөрсдийн бузарт үхэх юм гэлээ.
32 Энэ нь гоождостой нэгний тухай, үрийн шингэн гаргаж түүгээр бузартсан хүний тухай бөгөөд
33 сарын тэмдгийнхээ бузартлын улмаас зовиуртай болсон эмэгтэйн тухай бөгөөд эр ч бай, эм ч бай гоождостой нэгний тухай, эсвэл бузартсан эмэгтэйтэй унтсан эрэгтэйн тухай хууль юм.