Үйлс
Бүлэг 9
1 1. Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж,
2 тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.
3 Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд,
4 Саул газар хөсөр унав. Тэгээд—Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,—
5 Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр—Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.
6 Бос, хот уруу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно гэв.
7 Түүнтэй хамт явж байсан хүмүүс дуу сонссон боловч хэнийг ч хараагүй тул дуугүй зогсож байлаа.
8 Саул газраас босов. Нүд нь нээлттэй хэрнээ тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэд түүнийг гараас нь хөтөлсөөр Дамаскт авчрав.
9 Ийнхүү тэр гурван өдөр юу ч харсангүй, юу ч идсэнгүй, юу ч уусангүй.
10 Дамаскт Ананиа гэгч нэгэн дагалдагч байлаа. Эзэн түүнд үзэгдлээр—Ананиа гэж айлдахад тэр—Би энд байна, Эзэн гэв.
11 Эзэн түүнд—Бос, “Шулуун” хэмээх гудамжин дахь Иудагийн гэрт очиж Тарсын Саул гэгчийг асуу. Үзэгтүн. Тэр яг одоо залбирч,
12 Ананиа гэгч эр орж ирээд, өөрийг нь дахин хараатай болгохын тулд гараа өөр дээр нь тавихыг [үзэгдэлд] харж байна гэв.
13 Гэвч Ананиа хариуд нь—Эзэн, би түүний тухай олон хүнээс, Иерусалим дахь Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон.
14 Тэгээд тэр энд Таны нэрийг дуудсан бүхнийг хүлж, шоронд хаях эрх мэдлийг ахлах тахилч нараас авсан юм гэв.
15 Харин Эзэн түүнд—Яв, учир нь тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав бөгөөд
16 Миний нэрийн төлөө хэр их зовох учиртайг Би түүнд үзүүлнэ гэжээ.
17 Ананиа явж, гэрт орж түүн дээр гараа тавиад,—Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгдсэн Эзэн Есүс чамайг хараатай болгож, Ариун Сүнсээр дүүргэхийн тулд намайг илгээв гэлээ.
18 Тэр даруй түүний нүднээс хайрс мэт зүйл унаж, тэр дахин хараатай болов. Тийнхүү тэр босон, баптисм хүртээд,
19 хооллож хүч оров.Саул Дамаскт байсан дагалдагчдын хамт хэд хоног тэндээ байлаа.
20 Тэгээд төдөлгүй тэрээр синагогуудад—Тэр бол Бурханы хүү мөн хэмээн Есүсийг тунхаглаж эхлэв.
21 Түүнийг сонссон бүхэн гайхширсаар—Энэ хүн чинь Иерусалимд энэ нэрийг дуудсан болгоныг устгаж, бас тэднийг хүлж, ахлах тахилч нарт хүргэх зорилготой энд ирсэн хүн биш бил үү? гэцгээж байлаа.
22 Харин Саул улам л хүчийг олж, Есүс бол Христ мөн гэдгийг нотлон Дамаскт амьдрагч иудейчүүдийг сандаргах болов.
23 Түүнээс хойш олон хоног өнгөрсний дараа иудейчүүд түүнийг алахаар хуйвалдацгаалаа.
24 Гэвч тэдний хуйвалдаан Саулд илт болжээ. Тэд түүнийг алахын тулд дааман хаалгануудын дэргэд өдөр, шөнөгүй отож байлаа.
25 Гэвч дагалдагчид нь шөнөөр түүнийг том сагсанд суулгаж, хана дагуулан буулгав.
26 Саул Иерусалимд ирж, дагалдагчидтай холбоотой болохыг хичээсэн боловч бүгд түүнээс эмээж байлаа. Учир нь тэд түүнийг дагалдагч гэдэгт итгэхгүй байв.
27 Харин Барнаб түүнийг элч нар уруу дагуулан ирж, түүний замдаа Эзэнийг хэрхэн харсан, Эзэний түүнд айлдсан болон Дамаскт Есүсийн нэрээр хэрхэн зоригтой ярьсныг нь дүрслэн өгүүлжээ.
28 Ийнхүү тэр тэдэнтэй хамт Иерусалимд чөлөөтэй явж, Эзэний нэрээр зоригтой ярьж байлаа.
29 Тэр грек хэлтэй иудейчүүдтэй ярилцаж, маргалдахад тэд түүнийг алахыг завджээ.
30 Ах дүү нар үүнийг сонсоод, түүнийг Кайсарид хүргэж, Тарс уруу явуулав.
31 Ийнхүү бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван байлаа. Ингэхдээ Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр байв.
32 Нэгэн удаа Петр бүх газраар тойрон явж, Луддад амьдрагч ариун хүмүүс уруу хүрч ирэв.
33 Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ.
34 Петр түүнд—Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.
35 Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
36 Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ.
37 Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа.
38 Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд уруу даруй ирээч” гэж гуйлган хоёр хүн илгээв.
39 Петр босож, тэдний хамт явж очиход, түүнийг дээд өрөөнд оруулав. Бэлэвсэн эмэгтэйчүүд цөмөөрөө түүний хажууд уйлаад зогсож байлаа. Өөрсөдтэй нь хамт байхдаа Доркасын хийдэг байсан цамц, бусад хувцаснуудыг тэд үзүүлж байв.
40 Харин Петр тэднийг бүгдийг нь гаргаад, өвдөг сөхрөн залбирч, цогцост хандаж—Табита, бос гэв. Тэр нүдээ нээн Петрийг хараад, өндийж суулаа.
41 Петр гараа өгч түүнийг босгоод, ариун хүмүүс болон бэлэвсэн эмэгтэйчүүдийг дуудаж, тэдэнд түүнийг амьд сэрүүнээр даатгав.
42 Энэ явдал Иоппа даяар мэдэгдэж, олон хүн Эзэнд итгэжээ.
43 Петр хэд хоног Иоппад үлдэж арьсчин Симоныд байлаа.