Үйлс

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


-Reset+

Бүлэг 4

1 1. Ийнхүү тэд ард олонтой ярьж байх зуур тахилч нар, сүмийн харуулын дарга бас садукайчууд тэдэн уруу ирэв.
2 Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.
3 Тэд тэднийг баривчилж, дараачийнх нь өдөр хүртэл шоронд хорив. Учир нь хэдийн орой болсон байв.
4 Үгийг сонсогсдоос олон хүн итгэсэн бөгөөд тэдний тоо таван мянгад хүрчээ.
5 Дараачийнх нь өдөр захирагчид, ахлагчид мөн хуулийн багш нар Иерусалимд цугларцгаав.
6 Тэнд тэргүүн тахилч Аннас бас Каиаф, Иохан, Александр болон тэргүүн тахилчийн удмынхан бүгд байлаа.
7 Тэд нөгөө хэдийг голдоо зогсоогоод,—Ямар хүч, ямар нэрээр та нар үүнийг үйлдэнэ вэ? хэмээн байцааж эхлэв.
8 Энэ үед Петр Ариун Сүнсээр дүүрч тэдэнд хандаж,—Ахлагчид болон ард түмний захирагчид аа!
9 Хэрэв бид энэ хүн хэрхэн эдгэрсэн талаар уг өвчтэй хүнд сайн үйл хийснийхээ төлөө өнөөдөр байцаагдаж байгаа бол,
10 та нарын цовдолсон, үхэгсдээс Бурханы амилуулсан Назарын Есүс Христийн нэрээр, энэ л нэрээр энэ хүн та нарын өмнө цоо эрүүл болоод зогсож байгааг та бүхэн бас бүх Израиль түмэн мэдтүгэй.
11 Тэр бол барилгачид болох та нарт гологдсон боловч булангийн тулгуур чулуу болсон юм.
12 Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүст өгөгдсөнгүй гэв.
13 Эрдэм номгүй, боловсролгүй Петр, Иохан хоёрын ийнхүү зүрх зоригтой байгааг нь тэд хараад гайхацгаан, тэднийг Есүстэй хамт байсныг нь мэдэв.
14 Эдгэрсэн өнөөх хүн тэдний хамт зогсож байгааг хараад тэдэнд хариуд нь хэлэх зүйл юу ч байсангүй.
15 Тэгээд тэднийг зөвлөлийн байрнаас гарахыг тушаагаад өөр хоорондоо зөвлөлдөн,—
16 Энэ хүмүүсийг бид одоо яах вэ? Тэдний үйлдсэн гайхамшигт тэмдэг нь Иерусалимд оршин суудаг бүхэнд нэгэнт тодорхой тул бид түүнийг үгүйсгэж чадахгүй.
17 Харин цаашид үүнийг ард олны дунд улам тархаахгүйн тулд энэ нэрээр дахин хэнтэй ч ярихгүй байхыг тэдэнд анхааруулъя гэцгээв.
18 Ингээд тэднийг дуудан авчирч, Есүсийн нэрээр огт ярьж, сургахгүй байхыг тушаав.
19 Гэвч Петр, Иохан нар тэдэнд—Та нарын үгийг Бурханыхаас илүүд үзэх нь Бурханы өмнө зөв үү? Өөрсдөө шүүцгээ.
20 Учир нь бид үзсэн, сонссон зүйлээ ярихаа зогсоож чадахгүй гэжээ.
21 Тэднийг шийтгэх ямар ч үндэслэл олоогүй, бас тэнд тохиолдсон үйл явдлын улмаас ард олон бүгд Бурханд алдрыг нь өргөн байсныг харгалзан үзээд дахин сүрдүүлснийхээ дараа тэр хоёрыг явууллаа.
22 Гайхамшгаар эдгэсэн тэр нэгэн дөч эргэм насны хүн байлаа.
23 Суллагдмагцаа тэд өөрсдийнхөн дээрээ ирж, ахлах тахилч нар болон ахлагчдын тэдэнд хэлсэн бүхнийг уламжлав.
24 Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн—Өө, Эзэн! Тэнгэр, газар, тэнгис болон тэдгээрт оршигч бүхнийг бүтээсэн нь Та билээ.
25 Та Өөрийн зарц, бидний өвөг Давидын амаар дамжуулан Ариун Сүнсээр айлдахдаа,“Яагаад харь үндэстнүүд уурсаж,Ард олон дэмий зүйл сэднэ вэ?
26 Газрын хаад ирж,Эзэн болон Түүний Христийн эсрэг захирагчид цугларцгаав”гэсэн.
27 Таны тосолсон, Таны ариун зарц Есүсийн эсрэг Херод, Понти Пилат нар харь үндэстнүүд болон израильчуудын хамтаар үнэхээр энэ хотод цугласан билээ.
28 Энэ нь Таны мутар ба урьдаас тогтоогдсон [Таны] зорилго бүхэн биелэгдэхийн тулд болой.
29 Одоо Эзэн ээ, тэдний заналхийллийг анхаараач. Таны үгийг ярих зүрх зоригийг Өөрийнхөө боолуудад соёрхооч.
30 Таны ариун зарц Есүсийн нэрээр эдгээх гайхамшиг болон тэмдгүүдийг үйлдүүлэхийн тулд Та [Өөрийн] мутраа сунгаач гэв.
31 Ийнхүү залбирч байтал тэдний цугларан байсан газар нь доргин чичирхийлэв. Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярьж эхлэв.
32 Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх, сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хэн нь ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй, харин тэдний бүх юм нь нийтийнх байв.
33 Элч нар Эзэн Есүс [Христийн] амилсныг агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бялхам их нигүүлсэл байсан болой.
34 Гачигдаж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар, орон байр эзэмшигчид нь цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч,
35 элч нарын хөлд тавихад, тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа.
36 Элч нарт Барнаб (орчуулбал, Тайвшралын Хүү) хэмээн нэрлэгддэг, Кипрт төрсөн Леви овгийн Иосеф нь
37 өмчилж байсан талбайгаа зараад, мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ.