Үйлс
Бүлэг 13
1 1. Антиох дахь чуулганд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, захирагч Херодтай хамт өсөж торнисон Манаен, Саул нар болох эш үзүүлэгч мөн багш нар байв.
2 Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед нь Ариун Сүнс—Би Өөрийнхөө ажлыг хийлгэхээр Барнаб, Саул нарыг дуудсан тул тэднийг томилогтун гэв.
3 Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
4 Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.
5 Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ.
6 Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, шидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эш үзүүлэгчтэй таарав.
7 Тэр шидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.
8 Харин шидтэн Елум (түүний нэрийг орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.
9 Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,—
10 Аливаа заль, мэхээр дүүрэн, диаволын хүү, аливаа зөвт байдлын дайсан болсон чи Эзэний шулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?
11 Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад, тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа.
12 Болсон явдлыг харсан мөнөөх захирагч Эзэний сургаалд гайхшран итгэжээ.
13 Паул болон түүний нөхөд Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднийг орхиж, Иерусалим уруу буцжээ.
14 Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын өдөр синагогт орон суув.
15 Хууль болон эш үзүүлэгчдийн номоос уншсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу хүн явуулж,—Ах дүүс ээ, хэрэв та нарт ард олонд сургах зүйл байвал ярина уу гэхэд
16 Паул босож гараараа дохин ийн хэлэв.—Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!
17 Энэ Израилийн ард түмний Бурхан бидний эцэг өвгөдийг сонгож, Египетийн нутагт байх үеийнх нь туршид тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр эцэг өвгөдийг маань тэндээс гаргасан.
18 Тэр тэднийг дөчин жилийн турш цөлд хүлцэн тэсвэрлэв.
19 Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сөнөөгөөд, газар нутгийг нь израильчуудад дөрвөн зуун тавиад жил өвлүүлсэн билээ.
20 Энэ явдлын дараа Тэр эш үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд шүүгчдийг өгч байв.
21 Дараа нь тэд хаан гуйхад Бурхан Бениамины овгийн Кишийн хүү Саулыг тэдэнд өгчээ. Тэр дөчин жил хаанчлав.
22 Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон өгсөн. Түүний тухай Тэрээр гэрчилж, “Бүх хүслийг минь биелүүлэх Миний зүрх сэтгэлийн дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо” гэсэн байдаг.
23 Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.
24 Түүнийг ирэхийн өмнө Иохан Израилийн бүх ард түмэнд гэмшлийн баптисмыг тунхаглав.
25 Иохан үйлсийнхээ цар хүрээг гүйцээж байхдаа “Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бишээ. Харин миний араас ирж буй нэгний хөлөөс шаахайг нь ч тайлах зохистой хүн би биш” гэж хэлсээр байсан.
26 Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хөвгүүд болон та нарын дунд байгаа Бурханаас эмээгч хүмүүс ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм.
27 Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй, Амралтын өдөр бүр уншигддаг эш үзүүлэгчдийн үгсийг ч ойлголгүйгээр Түүнийг ялласнаараа энэ бүхнийг гүйцэлдүүлжээ.
28 Есүсийн амийг хөнөөх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.
29 Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.
30 Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд
31 Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.
32 Бид эцэг өвгөдөд амлагдсан амлалтын тэрхүү сайн мэдээг л та нарт тунхаглаж байна.
33 Дуулал номын хоёрдугаарт “Чи бол Миний Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлэв” гэж бичигдсэнчлэн, Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм.
34 Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ.
35 Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн “Та Өөрийнхөө Ариун Нэгэнийг ялзралд өгөхгүй” гэж айлдсан юм.
36 Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу.
37 Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг үзсэнгүй.
38 Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.
39 Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зөвтгөгдөж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зөвтгөгдөх болно.
40 Ингэхлээр эш үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нар дээр ирэхээс болгоомжил.
41 “Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мөхөцгөө!Учир нь та нарын өдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан чТа нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно”гэсэн байдаг гэлээ.
42 Паул, Барнаб нарыг гарч явахад, хүмүүс дараагийн Амралтын өдөр энэ үгээ ярьж өгөхийг тэднээс хүссээр байлаа.
43 Синагогийн хурал тарахад иудейчүүдээс болон Бурханаас эмээгч шинэ итгэгчдээс олонх нь Паул, Барнаб нарыг дагалдахад, тэр хоёр тэдэнтэй ярьж, Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байлаа.
44 Дараагийн Амралтын өдөр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв.
45 Гэвч хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг доромжлон үгүйсгэж байлаа.
46 Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж,—Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, өөрсдийгөө мөнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойш бид харь үндэстнүүдэд хандаж байна.
47 Учир нь Эзэн бидэнд ийнхүү тушаасан.“Би харь үндэстнүүдэд Чамайг гэрэл болгон тавьсан.Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна”гэв.
48 Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.
49 Эзэний үг бүх нутаг даяар түгж байлаа.
50 Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэх хүмүүсийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг өдөөн турхирч, тэднийг нутгаасаа хөөн гаргав.
51 Гэвч тэд хөлийнхөө тоосыг тэдэн уруу сэгсрээд, Икониум уруу явжээ.
52 Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байсаар байлаа.