Үйлс

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28


-Reset+

Бүлэг 10

1 1. Кайсарид Корнел гэгч нэгэн байсан бөгөөд тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга байв.
2 Тэр сүсэг бишрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их өглөг өгдөг, Бурханд байнга залбирдаг ажээ.
3 Өдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж “Корнел!” гэхийг тод үзэв.
4 Айдаст автсан тэр түүн уруу харж,—Юу вэ? Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд—Залбирал болон өглөгүүд чинь Бурханд дурсамж болон өргөгдөв.
5 Одоо чи Иоппа уруу хүмүүс явуулж, Симон буюу Петр гэдэг хүнийг авчруул.
6 Тэнгисийн дэргэд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.
7 Өөртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут Корнел цэргүүдээсээ нэг сүсэгтэнг хоёр зарцын хамт дуудав.
8 Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.
9 Маргааш нь тэднийг хотод дөхөн очих үед, Петр зургадугаар цагийн орчим залбирахаар байшингийн дээвэр дээр гарав.
10 Тэр өлсөж, юм идэхийг хүсэж байв. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хөөрөлд автжээ.
11 Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доошилсоор дөрвөн өнцгөөрөө газардахыг Петр харав.
12 Дотор нь бүх дөрвөн хөлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байх ажээ.
13 Тэгтэл нэгэн дуу гарч түүнд—Петр ээ! Бос, нядлаад ид гэв.
14 Харин Петр—Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.
15 Гэтэл мөнөөх дуу хоёр дахиа гарч түүнд—Бурханы цэвэр болгосон юуг ч ариун бус гэж бүү үзэгтүн гэв.
16 Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд мөнөөх сав тэр даруйдаа тэнгэр өөд өргөгдөн авагджээ.
17 Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн хүмүүс Симоны гэрийг сурагласаар дааман хаалган дээр нь хүрч ирэв.
18 Тэгээд Петр хэмээх Симон тэнд байгаа эсэхийг дуудан асуув.
19 Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд—Үзэгтүн, гурван хүн чамайг хайж байна.
20 Бос, доош буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.
21 Петр тэр хүмүүс уруу очиж,—Та нарын хайгаад байгаа хүн чинь би байна. Ямар хэргээр та нар ирэв? гэхэд
22 тэд—Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зөвт нэгэн бөгөөд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.
23 Петр тэднийг орохыг урьж, зочлов.Маргааш нь тэр босож мөнөөх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.
24 Дараа өдөр нь тэр Кайсарид хүрч ирэв. Тэднийг хүлээж байсан Корнел төрөл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулсан байв.
25 Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.
26 Харин Петр түүнийг босгоод—Бос, би ч гэсэн хүн шүү дээ гэв.
27 Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа.
28 Тэр тэдэнд—Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.
29 Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учраа хэлнэ үү? гэв.
30 Корнел—Дөрвөн өдрийн өмнө яг өдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал гэрэлтсэн хувцастай хүн өмнө минь зогсож,
31 “Корнел ээ, чиний залбирал сонсдож, өглөг чинь Бурханы өмнө дурсагдав.
32 Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч хэмээн урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн дэргэдэх арьсчин Симоны гэрт байгаа” гэсэн юм.
33 Ийм учраас би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тушаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы өмнө энд байцгааж байна гэжээ.
34 Петр ам нээж,—Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд
35 Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэхээр сайн ойлгов.
36 Тэр Израилийн хөвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн мөн)
37 Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар өөрсдөө мэднэ.
38 Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.
39 Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд өлгөж алсан юм.
40 Бурхан Түүнийг гурав дахь өдөр нь амилуулж,
41 бүх хүмүүст биш, харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчдэд буюу үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов.
42 Тэр бол Бурханаар томилогдсон амьд, үхсэн бүх хүний Шүүгч гэдгийг гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм.
43 Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эш үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.
44 Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүх хүн дээр Ариун Сүнс буув.
45 Хөвч хөндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүмүүс харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хараад гайхацгаажээ.
46 Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр—
47 Бидний авсанчлан тийнхүү Ариун Сүнсийг хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээхэд хэн ч уснаас татгалзаж чадахгүй биз дээ? гэлээ.
48 Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тушаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдээч гэж гуйлаа.