Лук

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 3

1 1. Цезарь Тиберийн хаанчлалын арван тав дахь жилд, Понти Пилат Иудейн захирагч, Херод Галилын хаан, түүний дүү Филип Итурае болон Трахонитын мужийн хаан, Лусан Абилений хаан,
2 Аннас болон Каиаф нар тэргүүн тахилч байх үед цөлд буй Захариагийн хүү Иохан уруу Бурханы үг ирэв.
3 Тэр Иордан хавийн бүх газраар явж, нүглүүдийн уучлалын төлөөх гэмшлийн баптисмыг тунхаглаж байлаа.
4 Энэ нь эш үзүүлэгч Исаиагийн үгстэй номд бичигдсэнчлэн,«Цөлд хашхирагч нэгний дуу“Эзэний замыг бэлтгэгтүн,Түүний замыг шулуун болгогтун.
5 Гуу жалга бүр дүүрч,уулс, толгод бүхэн доошлон,тахир нь шулуун болж,хотгор бүхэн тэгшрэх бөгөөд
6 аливаа махан бие Бурханы авралыг үзнэ” гэнэ»гэжээ.
7 Тиймээс тэр өөрөөр нь баптисм хүртэх гэж байсан олонд хандан—Хорт могойн удам аа, ирэх уур хилэнгээс зугтахыг хэн та нарт сануулав?
8 Тийм бөгөөс гэмшилд зохистой үр жимсийг бий болгогтун. “Абрахам бол бидний эцэг ” гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бурхан энэ чулуунуудыг ч Абрахамын хүүхдүүд болгож чадна.
9 Моддын үндсэнд сүх хэдийн зоогджээ. Тиймээс сайн үр жимс ургуулдаггүй аливаа мод цавчигдан галд хаягдах болно гэв.
10 Цугласан олон түүнээс—Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ? гэж асууцгаав.
11 Тэр тэдэнд—Хоёр цамцтай нь цамцгүй нэгэндээ илүүчил. Хоолтой нэг нь үүний адил үйлдэгтүн гэлээ.
12 Зарим татвар хураагчид баптисм хүртэхээр бас ирж, түүнээс—Багш аа, бид яах болж байна? гэхэд,—
13 Та нар тогтоогдсоноос илүүг бүү авагтун гэв.
14 Зарим цэргүүд—Бид яах болж байна, бид яах ёстой юм бэ? гэсэнд, тэр—Хэнээс ч хүчээр мөнгө бүү ав. Хэнийг ч хилсээр бүү гүтгэ. Авдаг хөлсөндөө сэтгэл хангалуун бай гэлээ.
15 Ард олон Христийг хүлээн, Иоханы тухай бүгд зүрх сэтгэлдээ түүний Христ мөн болох эсэхийг бодож байлаа.
16 Иохан бүгдэд хандан—Миний хувьд гэвэл, би та нарт усаар баптисм хүртээдэг. Харин надаас илүү хүчтэй Нэгэн ирж байна. Би Түүний шаахайн сурыг ч тайлах зохисгүй хүн. Тэр та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ.
17 Үтрэмээ гүйцэд цэвэрлэн, улаан буудайг саравчиндаа овоолохын тулд Түүний гарт шигшигч сэрээ нь байна. Харин Тэрээр хог хаягдлыг нь унтаршгүй галаар шатаана гэлээ.
18 Тийнхүү өөр олон зүйлийг хэлж сэнхрүүлэн, тэр ард олонд сайн мэдээг тунхаглаж байлаа.
19 Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ.
20 Энэ бүхэн дээр нэмээд, тэр Иоханыг шоронд хориулжээ.
21 Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан,
22 Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч—Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог гэв.
23 Есүс гучаад настай байхдаа Өөрийн үйлчлэлийг эхэлсэн бөгөөд хүмүүсийн боддогоор, Тэр бол Иосефын хүү, Иосеф нь Елигийн,
24 Ели нь Маттатын, Маттат нь Левийн, Леви нь Мелхигийн, Мелхи нь Ианнайн, Ианнай нь Иосефын,
25 Иосеф нь Маттатиагийн, Маттатиа нь Амосын, Амос нь Нахумын, Нахум нь Хеслийн, Хесли нь Наггайн,
26 Наггай нь Маатын, Маат нь Маттатиагийн, Маттатиа нь Семейний, Семейн нь Иосехын, Иосех нь Иодагийн,
27 Иода нь Иоананы, Иоанан нь Рхесагийн, Рхеса нь Зеруббабелын, Зеруббабел нь Шеалтиелын, Шеалтиел нь Нерийн,
28 Нери нь Мелхигийн, Мелхи нь Аддийн, Адди нь Косамын, Косам нь Елмадамын, Елмадам нь Ерийн,
29 Ер нь Иошуагийн, Иошуа нь Елиезерийн, Елиезер нь Иоримын, Иорим нь Маттатын, Маттат нь Левийн,
30 Леви нь Симеоны, Симеон нь Иудагийн, Иуда нь Иосефын, Иосеф нь Ионамын, Ионам нь Елиакимын,
31 Елиаким нь Мелеагийн, Мелеа нь Меннагийн, Менна нь Маттатагийн, Маттата нь Натаны, Натан нь Давидын,
32 Давид нь Иессийн, Иесси нь Обедын, Обед нь Боазын, Боаз нь Салмоны, Салмон нь Нахшоны,
33 Нахшон нь Амминадабын, Амминадаб нь Админы, Админ нь Рамын, Рам нь Хезроны, Хезрон нь Перезийн, Перез нь Иудагийн,
34 Иуда нь Иаковын, Иаков нь Исаакийн, Исаак нь Абрахамын, Абрахам нь Терагийн, Тера нь Нахорын,
35 Нахор нь Серугийн, Серуг нь Реугийн, Реу нь Пелегийн, Пелег нь Хеберийн, Хебер нь Шелагийн,
36 Шела нь Кайнаны, Кайнан нь Арфаксадын, Арфаксад нь Шемийн, Шем нь Ноагийн, Ноа нь Ламехын,
37 Ламех нь Метуселагийн, Метусела нь Енохын, Енох нь Иаредын, Иаред нь Махалалеелын, Махалалеел нь Кайнаны,
38 Кайнан нь Еношийн, Енош нь Сетийн, Сет нь Адамын, Адам нь Бурханы хүү болой.