Лук

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 15

1 1. Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор дэргэд нь очжээ.
2 Тэгтэл фарисайчууд болон хуулийн багш нар дургүйцэн дүнгэнэлдэж,—Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн аван, тэдэнтэй хамт хооллодог» гэв.
3 Тэр тэдэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдав.—
4 Хэрэв та нарын дундаас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есөн хонио бэлчээрт орхин, алдагдсан хонины араас явж, түүнийг олтлоо хайдаггүй вэ?
5 Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мөрөндөө тэгнэн,
6 гэртээ ирээд, анд нөхдөө болон хөршүүдээ хамтад нь дуудаж, “Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
7 Би та нарт хэлье. Мөн үүний адил, гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох болно.
8 Нэгэн эмэгтэйд арван мөнгөн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ шүүрдэн өнөөхөө олтлоо ихэд шаргуу хайхгүй гэж үү?
9 Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нөхөд, хөршүүдээ хамтад нь дуудаад тэдэнд “Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!” гэнэ.
10 Би та нарт хэлье. Мөн үүний адил, нэг нүгэлтэн гэмшвэл Бурханы тэнгэр элч нарын оршихуйд баяр хөөр болно гэв.
11 Тэр—Хоёр хүүтэй нэг хүн байжээ.
12 Бага хүү нь эцэгтээ “Аав аа, эд хөрөнгөнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч” гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв.
13 Хэдхэн өдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хөрөнгөө үрэн таран хийв.
14 Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий өлсгөлөн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.
15 Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гэнэ. Тэр хүн гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа.
16 Тэр гахайны идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч өгсөнгүй.
17 Тийнхүү тэр ухааран, “Эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь.
18 Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ.
19 Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч» гэж хэлье” гэв.
20 Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв.
21 Хүү нь түүнд “Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ. Би цаашид таны хүү гэгдэх нь зохисгүй” гэв.
22 Харин эцэг нь боолууддаа “Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бөгж зүү, хөлд нь гутал өмсгө.
23 Тарган тугал авчирч гарга. Бүгдээрээ найрлаж цэнгэе.
24 Учир нь энэ хүү маань үхсэн байсан юм. Гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо” гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.
25 Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж, гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод,
26 зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асууж шалгаав.
27 Тэр түүнд “Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав” гэжээ.
28 Харин ууган хүү нь уурлаж, дотогш орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв.
29 Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй.
30 Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмөсөн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг” гэхэд
31 эцэг нь “Миний хүү, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ.
32 Харин чиний энэ дүү үхсэн байсан. Гэтэл амьдарчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой” гэв гэжээ.