Лук
Бүлэг 17
1 1. Тэр шавь нартаа—Бүдрэх чулуунууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ!
2 Түүний хувьд балчир эднээс нэгийг нь бүдрүүлснээс тээрмийн чулуу хүзүүнээсээ дүүжлээд тэнгист хаягдсан нь дээр байхсан.
3 Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил.
4 Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам уруу долоон удаа эргэж ирж, “Би гэмшиж байна” гэвэл, түүнийг уучил гэв.
5 Элч нар Эзэнд—Итгэлийг маань өсгөөч гэхэд
6 Эзэн—Хэрэв та нар гичийн үр шиг итгэлтэй байвал, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.
7 Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юм уу, малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь, “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү?
8 Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж, ууна биз” гэж хэлэхгүй гэж үү?
9 Боол нь тушаасныг нь гүйцэтгэсэнд тэр талархдаггүй биз дээ?
10 Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, “Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.
11 Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ.
12 Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа.
13 Тэд дуугаа өндөрсгөн—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв.
14 Есүс тэднийг харуутаа,—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.
15 Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг хараад, буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан,
16 Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр Самари хүн байжээ.
17 Есүс—Арван хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна?
18 Бурханд алдрыг нь өргөхөөр энэ харь хүнээс өөр хэн ч буцаж ирсэнгүй юу? гээд,
19 Тэр түүнд—Бос, өөрийн замаар яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
20 Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.
21 Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу, эсвэл “Энд байна” гэж хэлэхгүй. Учир нь Бурханы хаанчлал нь та нарын дунд байна гэв.
22 Тэр шавь нартаа—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар харахыг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар харахгүй.
23 Тэд та нарт “Тийшээ хараач”, “Ийшээ хараач” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ.
24 Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах аянга адил Хүний Хүү Өөрийн өдрөө тийн байх болой.
25 Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ.
26 Ноагийн өдрүүдэд ч ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно.
27 Ноаг хөвөгч авдарт орох өдрийг хүртэл хүмүүс идэж, ууцгааж, гэрлэж, нөхөрт гарцгааж байсан. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.
28 Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж, ууцгааж, худалдаж, худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.
29 Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал, хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв.
30 Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно.
31 Тэр өдөр гэрийнхээ дээвэр дээр байх нэг нь гэр доторх эд хөрөнгөө авахаар дотогш бүү орог. Үүнчлэн талбайд байх нэг нь бүү буц.
32 Лотын эхнэрийг санагтун.
33 Хэн өөрийн амийг хадгалахыг хичээнэ, тэр хүн түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр хүн түүнийгээ аварна.
34 Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг авч, нөгөөг нь орхино.
35 Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг авч, нөгөөг нь орхино.
36 [Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь орхих болно гэв.]
37 Тэд Түүнд—Эзэн, хаана? гэхэд Тэр—Бие нь хаана байна, тэнд мөн тас шувууд цугладаг гэжээ.