Лук

Бүлэг: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24


-Reset+

Бүлэг 16

1 1. Тэр шавь нартаа мөн ингэж айлдав.—Нэгэн баян хүн няравтай байжээ. Өнөөх нярав нь түүний эд хөрөнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.
2 Тэгээд түүнийг дуудаж “Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг нааш өг. Чи цаашдаа нярав байж чадахгүй нь” гэжээ.
3 Тэгтэл тэр нярав өөртөө “Эзэн маань нярвын ажлаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.
4 Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно” хэмээгээд,
5 эзэнд нь өртэй хүн бүрийг дуудаад эхний хүнээс “Чи миний эзэнд хир өртэй вэ?” гэсэнд
6 тэр хүн “Зуун хэмжүүр тосны өртэй” гэхэд мөнөөх зарц “Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич” гэжээ.
7 Тэгээд нөгөөд нь “Чи хир өртэй вэ?” гэв. Тэр “Зуун хэмжүүр улаан буудайн өртэй” гэхэд нь “Дансаа ав. Ная гэж бич” гэлээ.
8 Шударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь төлөө эзэн нь түүнийг магтан сайшаажээ. Учир нь энэ үеийн хөвгүүд өөрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хөвгүүдээс илүү ухаалаг ажээ.
9 Би та нарт хэлье. Шударга зөв эд баялгаараа өөрсдийн анд нөхөдтэй бол. Энэ нь эд хөрөнгө чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мөнх нутагт хүлээн авахын тул юм.
10 Хэн маш бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мөн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд шударга бус байна, тэр нь их юманд ч мөн шударга бус байдаг.
11 Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?
12 Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт өөрсдийн чинь юмыг өгөх билээ?
13 Хоёр эзэнд үйлчилдэг зарц байдаггүй. Учир нь тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцдэг. Та нар Бурханд ба эд баялагт зэрэг үйлчилж чадахгүй гэв.
14 Мөнгөнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа.
15 Тэр тэдэнд—Та нар бол хүмүүсийн өмнө өөрсдийгөө зөвтгөгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Яагаад гэвэл хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы өмнө жигшмээр юмс байдаг.
16 Хууль ба Эш үзүүлэгчид Иоханыг иртэл тунхагласан юм. Тэр цагаас хойш Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийшээ орохоор хүчлэн байна.
17 Гэвч Хуулиас өчүүхэн зураас ч алга болохоос тэнгэр газар өнгөрөн одох нь илүү хялбар билээ.
18 Эхнэрээ явуулчихаад өөр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрагч юм. Нөхрөөсөө салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
19 Нэгэн баян хүн байжээ. Тэр нил өнгийн нарийн нэхсэн маалинган хувцас өмсөж, өдөр бүр найрлан цэнгэдэг байв.
20 Яр шарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,
21 мөнөөх баяны ширээнээс унасан өвдөл цөвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, түүний шархыг долоодог байв.
22 Ядуу эр үхсэнд, тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын өвөр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг оршуулав.
23 Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.
24 Тэгээд тэр “Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна” гэж хашхирахад
25 Абрахам “Хүү минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахад тэрчлэн Лазар ч муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.
26 Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд
27 тэр “Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя.
28 Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг” гэж хэлжээ.
29 Харин Абрахам “Тэдэнд Мосе болон Эш үзүүлэгчид байгаа, дүү нар чинь тэднийг сонсог” гэхэд
30 тэр “Үгүй, Абрахам эцэг минь, хэрэв үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал, тэд гэмших болно” гэв.
31 Харин тэр түүнд “Хэрэв тэд Мосе болон Эш үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмшихгүй биз дээ” гэжээ гэв.