Шастирын Дээд
Бүлэг 14
1 1. Тирийн хаан Хирам Давидад гэр барьж босгохоор хуш мод, чулуучид, мужаануудын хамт элч нарыг Давид уруу илгээв.
2 ЭЗЭН өөрийг нь Израилийн хаанаар өргөмжлөн, Түүний ард түмэн Израилийн тусын тулд хаанчлалыг нь аугаа өндөрт өргөснийг Давид ухааран ойлгожээ.
3 Тэгээд Давид Иерусалимд өөр олон эхнэр авч, мөн олон хөвгүүд охидтой болов.
4 Иерусалимд түүнд төрсөн хүүхдүүдийн нэрс гэвэл Шаммуа, Шобаб, Натан, Соломон,
5 Ибхар, Елишуа, Елпелет,
6 Нога, Нефег, Иафиа,
7 Елишама, Беелиада, Елифелет нар юм.
8 Давид бүх Израилийн хаанаар тослогдсон гэдгийг филистчүүд сонсоод, бүх филистчүүд Давидыг хайж ирэв. Давид үүнийг сонсоод, тэдний эсрэг хөдлөв.
9 Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийг дээрэмдэн тонов.
10 Давид Бурханаас асуун,—Би филистчүүдийн эсрэг хөдлөх үү? Та тэднийг миний гарт тушаах уу? гэв. ЭЗЭН түүнд—Би тэднийг чиний гарт өгөх учраас яв хэмээв.
11 Тиймээс тэд Баал-перазимд ирээд, Давид филистчүүдийг тэнд ялав. Давид хэлэхдээ—Бурхан үерийн ус мэт миний дайснуудыг миний гараар хэмх татлаа гэв. Тиймээс тэд тэр газрыг Баал-перазим гэж нэрлэжээ.
12 Тэд өөрсдийн бурхдаа тэнд хаян зугтсан тул Давид тушаан тэднийг галд шатаав.
13 Филистчүүд мөнөөх хөндийд дахин нэг дээрэм тонуул хийв.
14 Давид дахин Бурханаас асуусанд Бурхан түүнд—Чи тэдний хойноос бүү нэх. Тэдний хойгуур тойрон явж, ялам моддын урдаас тэдэн уруу дайр.
15 Ялам моддын оройгоос алхах чимээг сонсмогцоо чи тулалдахаар гар. Учир нь Бурхан филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө явна хэмээн айлдав.
16 Давид Бурханы өөрт нь тушааснаар үйлдэж, тэд Гибеоноос Гезерийн цаана гартал филистчүүдийн цэргүүдийг бут цохив.
17 Ингээд Давидын алдар нэр бүх газарт түгэн тархжээ. ЭЗЭН бүх үндэстний дээр Давидаас эмээх айдсыг авчрав.