Шастирын Дээд
Бүлэг 11
1 1. Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид уруу цуглан ирж—Үзэгтүн, бид таны яс махны тасархай билээ.
2 Урьд Саулыг хаан байх үед Израилийг удирдан гаргаж авчирдаг ганц хүн нь та байсан билээ. Таны Бурхан ЭЗЭН танд “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн захирагч болох болно” гэж айлдсан гэж хэлцгээв.
3 Ийнхүү Израилийн бүх ахмадууд Хебронд хаан уруу ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгуулав. Тэд Самуелаар дамжуулсан ЭЗЭНий үгийн дагуу Давидыг Израилийн хаан болгон тослов.
4 Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим (буюу Иебус) уруу явав. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.
5 Иебусын оршин суугчид Давидад—Чи энд нэвтэрч болохгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авчээ (тэр нь Давидын хот).
6 Давид—Хамгийн түрүүнд Иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон, явж жанжин болов.
7 Тэгээд Давид тэр бэхлэлтэд оршин суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ.
8 Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов.
9 Түмэн цэргийн ЭЗЭН Давидтай хамт байсан тул тэрээр улам хүчирхэгжсээр байв.
10 Давидтай байсан хүчит эрсийн толгойлогчид нь дараах болой. Тэд Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу хаанчлалд нь Давидад идэвхтэй туслан, бүх Израилийн хамт түүнийг хаанаар өргөмжилсөн хүмүүс болой.
11 Давидтай байсан хүчит эрсийн жагсаал нь дараах болой. Гучин хүний тэргүүлэгч нь хагмон хүний хүү Иашобеам юм. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа өргөн тэднийг нэг далайлтаар алсан хүн билээ.
12 Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрийн нэг билээ.
13 Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав.
14 Тэд талбайн гол дунд байрлалаа эзлээд талбайг хамгаалан, Филистийн цэргүүдийг цохив. ЭЗЭН агуу ялалтаар тэднийг аврав.
15 Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнан байх үед гучин тэргүүлэгч эрсийн гурав нь хаданд буй Давидыг хайн Адулламын агуйд ирэв.
16 Филистийн цэргийн анги Бетлехемд байх үед Давид Ариун уулын бэхлэлтэд байв.
17 Давид—Хэн нэгэн нь Бетлехемийн хаалганы хажууд байх худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! хэмээн хүсэмжилсэнд
18 өнөөх гурав филистчүүдийн хуаранд цөмрөн орж, Бетлехемийн хаалганы хажуудах худгаас ус хутган авчирч Давидад өгөв. Гэсэн хэдий ч Давид тэр усыг уулгүй, харин ЭЗЭНий өмнө асгаж,—
19 Өөрийн Бурханы өмнө үүнийг үйлдэх явдал нь надаас хол байг! Өөрсдийн амиараа дэнчин тавьж явсан эдгээр хүмүүсийн цусыг би уух гэж үү? Учир нь тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан юм гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Энэ гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм болой.
20 Иоабын дүү Абшаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэр гурван зуун хүний эсрэг жадаа эргүүлэн тэднийг алсан билээ. Тэр мөнөөх гучийн адил нэр хүндтэй байв.
21 Тэр нь энэ шилдэг гучин хүнээс хамгийн ихээр хүндлэгдэн дээдлэгдсэн нь билээ. Тэрээр тэдний жанжин болсон боловч тэргүүн гуравтай дүйцэхгүй.
22 Иехоиадагийн хүү Бенаиа бол Кабзеелын зоригт эрийн хүү бөгөөд Моабын Ариелын хоёр хүүг цохиж алсан агуу үйлстэй хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж, арслан агнасан билээ.
23 Тэрээр таван тохой өндөр, үлэмж аварга египет хүнийг алсан юм. Тэр египет хүний гар дахь жад нь нэхмэлчний гогдогч зүү мэт байсан боловч Бенаиа түүн уруу нэг саваа барьж очоод өнөөх египет хүний гараас жадыг нь булаан авч, жадаар нь түүнийг хороосон юм.
24 Иехоиадагийн хүү Бенаиа эдгээр зүйлсийг үйлдсэн бөгөөд тэр гурван хүчит эрийн нэгэн адил нэртэй байв.
25 Үзэгтүн, тэр гучин хүний дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй болой. Давид түүнийг өөрийн хамгаалагч болгон томилсон билээ.
26 Их цэргийн хүчит эрс нь дараах болой. Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елканан,
27 харор хүн Шаммот, пелонит хүн Хелез,
28 текоа хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер,
29 хуша хүн Сиббекаи, ахоа хүн Илаи,
30 нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед,
31 Бениамины хөвгүүдийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа,
32 Гааш горхины Хураи, арбат хүн Абиел,
33 бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба,
34 гизон хүн Хашемын хүүхдүүд, харар хүн Шагегийн хүү Ионатан,
35 харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал,
36 мекерат хүн Хефер, пелонит хүн Ахиа,
37 галмер хүн Хезро, Езбаигийн хүү Наараи,
38 Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар,
39 аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч берот хүн Нахараи,
40 итрит хүн Ира, итрит хүн Гареб,
41 хит хүн Уриа, Ахлаин хүү Забад,
42 реубен хүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч гучин хүнийг өөртэйгөө байлган Адина,
43 Маакагийн хүү Ханан, митнит хүн Иошафат,
44 аштерат хүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел,
45 Шимрийн хүү Иедиаел, түүний дүү Тиз хүн Иоха,
46 махави хүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма,
47 Елиел, Обед, мезобаи хүн Иаасел нар болой.